Гадаадын 99 орны иргэнд цахим виз олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-23 15:48:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас “2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан цахим виз олгох орнуудын жагсаалтыг шинэчилж, 99 орны иргэнд цахим виз олгохоор боллоо.


Тодруулбал, тухайн орны иргэд нь аялал жуулчлалын “К2”, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох “К4” ангиллын 30 хүртэл хоногийн виз, дамжин өнгөрөх буюу 10 хоногийн “K6” ангиллын визийг цахимаар мэдүүлэх боломжтой болж байна. Манай улсын цахим виз олгох улсын жагсаалтад Европын улсууд, Австрали, Шинэ Зеланд зэрэг 34 орны иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөөд байгаа билээ. 


Цахим виз мэдүүлэхдээ https://evisa.mn/ системд хандаж визийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөж, төлбөрөө төлснөөр виз мэдүүлсэн баримт бичиг хянагдах бөгөөд хүсэлт хянаж зөвшөөрсөн тохиолдолд тухайн иргэний мэдээллийг агуулсан QR код хэлбэртэй цахим визийг тухайн иргэний цахим шуудангаар 48 цагийн дотор илгээх юм. Гадаадын иргэн, харьяатын газар 2021 оны 10 дугаар сараас хойш 9000 гаруй гадаадын иргэнд цахим виз олгожээ.


Related news