“Эх дэлхийн цаг 2023” эх дэлхийдээ амсхийх чөлөө өгөхийг уриална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-03-23 09:51:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн “Эх дэлхийн цаг”-ийн гол агуулга нь хүн бүр байгальдаа тустай ямар нэгэн эерэг үйлс хийж, эх дэлхийдээ амсхийх чөлөө өгөхийг уриалж байна.


Дэлхийн байгаль хамгаалах сан жил бүрийн гуравдугаар сард “Эх дэлхийн цаг” үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, оролцоог идэвхжүүлэх  зорилготой. 


“Эх дэлхийн цаг”-ийг жил бүр өөр сэдвээр тэмдэглэдэг бөгөөд энэ жилийн сэдэв нь ирээдүйдээ хөрөнгө оруулъя гэсэн санааг агуулж буй. Иймд энэ удаа байгальд ээлтэй, тогтвортой хэрэглээний талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлж, хүн бүр хэрэглээгээ хянаж, зохистой дадал төлөвшүүлэх нь ирээдүйдээ хувь нэмэр оруулж байгаа хэлбэр хэмээн сурталчлах юм.


“Эх дэлхийн цаг” Зайсан хилл цогцолборт энэ сарын 25-нд болно. Энэ үеэр сонирхсон хүн бүр нээлттэй микрофоноор дамжуулан байгальдаа хийж байсан эерэг үйлдлээ хэлж хуваалцах боломжтой. Мөн хуучин хувцсыг шинэчилж урласан орчин үеийн хувцасны загварын үзүүлбэр болно. Тодруулбал, хувцасны дахин ашиглалтыг урлалын түвшинд хүргэж, хуучин хувцсыг дахин загварчилж шинэ төрх бүтээх буюу “апсайкл” хэмээх ойлголтыг түгээж, хариуцлагатай хэрэглээ болон дахин боловсруулах ашиглахын ач холбогдлыг таниулж буй “Тойрог” брэнд, “Зүймэл даавуун урлалын төв”-ийн урлаачид  шинэлэг, шилдэг бүтээлүүдээ дэлгэн сонирхуулах юм.


Монголд “Эх дэлхийн цаг” үйл ажиллагааг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа "Зориг" сангийн дэргэдэх Байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн залуустай хамтран ажиллаж байна.


2007 оноос эхлэн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас санаачлан хэрэгжүүлж буй “Эх дэлхийн цаг”-ийн гол зорилго нь байгаль орчин хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, оролцоог идэвхжүүлэхэд оршино. Эх дэлхийн цаг 60 минутыг илэрхийлсэн тоон таних тэмдэгтэй бөгөөд үүний гол санаа нь хүн бүр өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрласан алхам хийнэ гэсэн хүмүүсийн эв нэгдлийн илэрхийлэл юм. Энэ өдрийг дэлхийн 190 гаруй оронд тэмдэглэдэг юм.

Related news