АРХАНГАЙ: Халдварт бус өвчлөлийн эрсдэлт суурь шалтгаан болсон таргалалтыг бууруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-16 14:34:30

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл, аюулгүй ажлын байр, сургууль, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд нийгмийн бүх салбарын шийдвэр гаргагчдын манлайлал, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг энэ оны эхнээс хэрэгжүүлж эхэллээ.

 

Энэ ажлын хүрээнд орон даяар халдварт бус өвчлөлийн суурь шалтгаан болж буй иргэдийн илүүдэл жин, таргалалтыг бууруулж, эрүүл зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх нэг арга хэмжээ болох “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” гурван сарын аяныг эхлүүлсэн нь өнөөдөр аймагт нээлтээ хийлээ.

 

Нээлтийн үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн 6 тасаг гурван өртөө гаргаж, биеийн жингийн индекс тодорхойлох, чихрийн шижин, зүрх судас, артерийн даралт үзэж зөвлөгөө өглөө.

 

Чихрийн шижин тодорхойлох үзлэгт 45 хүнийг хамруулсан ба эрсдэлтэй байж болзошгүй 8 хүнийг өлөн үеийн глюкозын шинжилгээ өгч, өрхийн болон Нэгдсэн эмнэлгийн эмч нарт үзүүлэхийг зөвлөжээ. 50 хүнд артерийн даралт үзэхэд 28 нь цусны даралт 120/80-аас дээш гарсан байна. Тэдэнд мөн зөвлөгөө өгч, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.

 

Биеийн жингийн индекс тодорхойлох үнэлгээнд 28 хүн орсон байна. Хэвийн жинтэй 8 хүн байгаа бол бусад нь нэг, хоёрдугаар зэргийн таргалалттай, илүүдэл жинтэй байлаа.

 

Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлж, тархалтыг бууруулснаар өвчлөл нас баралт, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдлыг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой юм байна. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгож, архины хэрэглээг багасган, тамхинаас татгалзан биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, амьдралын туршид биеийн тамир, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэж чадвал зүрх судасны өвчин, тархины харвалт, 2 дугаар хэв шинжийн чихрийн шижин өвчнийг 80 хувь, хорт хавдрыг 40 хувиар бууруулах боломжтой ажээ.  

 

“Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны хүрээнд төлөвлөсөн ажлуудыг хийх ба эрчимжүүлэх чиглэлээр 8 жилийн өмнөөс уламжлал болж ирсэн “Нарны алхалт”-ыг ирэх 5 дугаар сарын 1-нээс эхлүүлэх ажээ. 

Related news