Сэргээшийн ээлжит дуулиан дэлхийн спортын нэр хүндийг сэвтүүллээ гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-09-01 12:29:36

БРНА./Prensa Latina/. “Бээжин-2008” Олимпын наадмын дөрвөн медальтан, тэдний дотор хүндийн өргөлтийн гурван тамирчны сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарч, дэлхийн спортын нэр хүндийг дахин харлууллаа гэж Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ лхагва гарагт мэдэгдлээ.

Бээжингийн Олимпын хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 75 кг ба 58 кг-ийн жинд хүрэл болон мөнгөн медаль хүртсэн Оросын тамирчин Надежда Евстюхина, Марина Шаинова нараас гадна эрэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Армены хүндийг өргөгч Тигран Мартиросян нар сэргээшийн төрөлд хамаарах хориотой эм хэрэглэсэн нь тогтоогдсон учир медалиа хураалгахаар болсон байна.

ОУОХ мэдэгдэхдээ “эмэгтэйчүүдийн 4x400 метрийн гүйлтэд мөнгөн медаль хүртсэн Оросын тамирчид сэргээшийн давтан шинжилгээнд унаснаар медалиа хэдийн хураалгасан” гэв.

Үүнээс гадна медаль аваагүй хүндийг өргөгчид болох Молдавын Александр Дудогло, Азербайжаны Интигам Заиров нарын шинжилгээний хариу эерэг гарчээ.

Г.Доржханд

 

Related news