Н.Осака АНУ-ын нээлттэй тэмцээний дараагийн шатанд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-09-02 17:17:16

НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 2 /BBC/. Японы теннисчин Наоми Осака АНУ-ын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дөрөвдүгээр тойрогт Америкийн тамирчин Коко Гауффыг буулган авчээ. 


АНУ-ын нээлттэй тэмцээний хошой аварга Н.Осака дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэлэгдэж буй К.Гауффыг 6:3, 6:2 харьцаагаар хожсоноор Нью-Йоркт болж буй тэмцээний шөвгийн наймд шалгарлаа. Ингэснээр нэгэн цагт дэлхийн чансааг тэргүүлж байсан Н.Осака амаржсанаасаа хойших хамгийн гайхалтай ялалтаа байгуулж байна. Тэрбээр 2023 онд Шай охиноо төрүүлжээ.


Их дуулга-ын дөрвөн удаагийн аварга Н.Осака 2021 оны Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлснээсээ хойш анх удаа томоохон тэмцээний шөвгийн наймд шалгарсан нь энэ юм. Түүний хувьд 2019 оны Хятадын нээлттэй тэмцээний үеэр Австралийн теннисчин Эшли Бартиг /тухайн үед дэлхийн чансааг тэргүүлж байсан/ хожсоноос хойших хамгийн том ялалт энэ болж байна.


Коко бол дэлхийн шилдэг теннисчдийн нэг. Шилдэг тоглогчдын эсрэг тоглоход надад хамгийн сонирхолтой байдаг. Би ийм тоглолтуудыг үргэлж сорилт хэмээн хардаг. Ийм сорилтод ч дуртай гэж Н.Осака тоглолтын дараа хэлжээ. Тэрбээр шөвгийн наймд Чехийн теннисчин Каролина Муховатай тоглоно. 

Related news