БАЯН-ӨЛГИЙ: Бүргэдийн баярыг Улаанбаатар хотод ирэх сарын 4-5-ны өдөр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-02-17 10:39:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Монгол Улсад зохион байгуулах олон улсын аялал жуулчлалын үйл ажиллагааны “WELCOME TO MONGOLIA-EVENT 2023” хуанлид манай улсыг гадаадад сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 22 үйл ажиллагааг тусгасан.


Дээрх 22 үйл ажиллагааны хоёр нь Бүргэдийн баяртай холбоотой. Хуанлид тусгагдсаны дагуу Бүргэдийн баярыг ирэх сарын 4-5-ны өдөр Улаанбаатар хотод "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт, мөн 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт  тус тус зохион байгуулна.


Улаанбаатар хотод "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт болох Бүргэдийн баярын үйл ажиллагааг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчид холбоо, "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолбор газартай хамтран зохион байгуулах аж.


Хаврын улирал, Наурызын баярыг угтан казах үндэстний ёс зан заншил, өв уламжлал, өвөрмөц соёлыг сурталчлан таниулах,  залуу үедээ өвлүүлэн үлдээх, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготой дээрх үйл ажиллагааны хүрээнд:

- Казах үндэстний урлагийн тоглолт болон ардын урлагийн тоглолт;

- Бүргэдтэй парад (Хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах);

- Бүргэдээр шырга /хиймэл өгөөш/ бариулах тэмцээн;

- Бүргэдээ хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах тэмцээн;

- Казак үндэсний тоглоом (көкпар буюу тулам булаалдах, тенге илу буюу газраас зоос шүүрэх тэмцээн);

- Морьтон баатрын шоу тоглолт;

- Харцага, шонхор шувуудын шоу тоглолт зэрэг тэмцээн уралдаан, үзүүлбэрүүдийг үзүүлж сонирхуулах юм.  


Ташрамд, Бүргэдийн баярыг Улаанбаатар хотод анх 2008 онд УИХ-ын гишүүн К.Сайрааны санаачилгаар Монгол Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын ивээл дор Горхи-Тэрэлжид зохион байгуулжээ. Анхны тэмцээнд Баян-Өлгий аймгаас 20 гаруй бүргэдчин ирж оролцож, бүргэдээ биедээ дасгасан байдал, ан агнахад сургасан байдлаа олон нийтэд танилцуулсан байна. Энэхүү үйл явдлаас хойш Бүргэдийн баярыг Улаанбаатар хот болон Баян-Өлгий аймагт жилд 2 удаа уламжлал болгон зохион байгуулдаг болсон ба тухайн үйл ажиллагааг ирж сонирхдог гадаад, дотоодын иргэдийн тоо ч жил бүр өсөн нэмэгдэж байна. 

Related news