"Сэлэнгийн дүрэмт хувцас" эзэддээ хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-08-30 21:50:14

“Сэлэнгэ дүрэмт хувцас” төслөөс зохион байгуулсан сурагчдын дүрэмт хувцас гардуулах ёслолын үйл ажиллагаа энэ сарын 26-ны өдөр Сүхбаатар суманд боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Зорилтод бүлгийн 60 хүүхдүүд эцэг, эхийн хамтаар оролцсон юм. Эдгээр хүүхдэд уул уурхайн “Суурь” компанийн зүгээс өөрсдийн гарын бэлэг болгож хичээлийн хэрэгсэлийн дээжээс бэлэглэсэн нь хүүхэд багачуудыг баярлуулсан явдал боллоо. Ёслолын үйл ажиллагаанд аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн морин хуурын “Таван хан” хамтлаг, 5-р сургуулийн “Дуэт”, Сүхбаатар сумын 1-р сургуулийн охидын хамтлагын сурагчид өөрсдийн ая дуугаа өргөлөө.

Мөн энэхүү үйл ажиллагааны үеэр Иргэний нийгмийн байгууллагын  Удирдах зөвлөлийн тэргүүлэгч, аймгийн Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Д.Баянмөнх өөрийн компаний бүтээгдэхүүнээс хоёр ширхэг годон гутлыг Зорилтот бүлгийн онц сурсан шилдэгийн шилдэг хоёр сурагчид олгохоор боллоо. Уг арга хэмжээг хичээлийн шинэ жил угтан зохион байгуулсан нь иргэд хөдөлмөрчид, хүүхэд багачууд цаг үеэ олсон зөв үйл явдал хэмээн үнэлж байв. Тус үй ажиллагааны үеэр “Сэлэнгийн уран бүсгүйчүүд” оёдолчдын холбооноос уул уурхайн ажилчдын ажлын хувцасны загвар үзүүллээ. Энэ нь тэдний ур чадварыг харуулаад зогсохгүй Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын ажлын хувцас үйлдвэрлэх боломж болон ажлын байр нэмэгдэх нөхцөл бүрдэж буйг харуулснаараа онцлог байлаа.

Энэхүү үйл ажиллагаа нь Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Энэ үеэр “Залуус” бакери, “Үжээд” ХХК, “Хөеө булаг” ХХК, “Мэргэн шувуут” ХХК “Шилмэл эсгий” ХХК-иуд тус тус өөрсдийн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргалаа.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news