ӨМНӨГОВЬ: Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр танин мэдэхүйн сурах бичигтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-01-25 15:55:19

Өмнөговь /МОНЦАМЭ/ Улсын тэргүүний 3-р сургуулийн газар зүйн багш боловсролын тэргүүний ажилтан, Хумбаагийн Туяа агсны санаачилж зохиосон “Өмнөговь-танин мэдэхүйн сурах бичиг”-ийг хэвлүүлэн олон нийтэд хүргэж байна.

 

Тус сурах бичгийг аймгийн БОАЖГ-аас дэмжин хэвлүүлсэн бөгөөд эхний ээлжинд ЕБС-ийн биологи, газар зүйн багш нарт гардуулан өглөө. “Өмнөговь-танин мэдэхүйн сурах бичиг” нь дунд сургуулийн сурагчид эх нутгийнхаа түүх соёл, эртний үлэг гүрвэл, биологийн төрөл зүйлүүд, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцуулахаас гадна тухайн мэргэжлийн багш нарт өргөн хүрээтэй сургалтын гарын авлага болж байгаа нь үр дүнтэй ажил болжээ.

 

Сурах бичигт хичээлийн жилийн явцад сурагчдад танхимаас гадуурх сургалтыг зохион байгуулах календарьчилсан хөтөлбөрийг хавсаргасан нь хүүхэд залуучуудад байгаль орчны боловсролыг бодитойгоор олгох боломжийг олгож байгаа юм.


​Багш Х.Туяа агсан нь Газар зүйн багш мэргэжлээр боловсролын салбарт 36 жил ажилласан бөгөөд Газар зүйн улсын олимпиадад жил бүр амжилттай оролцож алт, мөнгөн медалийг хүртэж байсан бөгөөд олон шавь нар нь аймаг, улсын олимпиадад мөн тэргүүлдэг шилдэг сурган хүмүүжүүлэгч байжээ.

Related news