Э.Амартүвшин дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэгээр тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2022-12-20 16:11:03

НЬЮ-ЙОРК. /Opera Wire/. Монголын дуурийн дуучин Э.Амартүвшин дэлхийн дуурийн урлагийн мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэдэг “Opera Wire” цахим хуудаснаас тодруулсан 2022 оны шилдэг 11 дуучны нэгээр шалгарчээ.


Энэ оны шилдэг дуучдаар Францын дуучин Бенжамин Бернхайм, Америкийн дуучин Ж'Най Брижес, Италийн дуучин Элеонора Буратто, Британийн дуучин Аллан Клейтон, Америкийн дуучин Энтони Рот Костанцо, Британи-Итали гаралтай дуучин Фредди Де Томмазо, Монголын дуучин Энхбатын Амартүвшин, Америкийн дуучин Клэй Хилли, Польшийн дуучин Александра Курзак, Италийн дуучин Лука Салси, Америкийн дуучин Коринн Винтерс нар шалгарсан байна.


Opera Wire” цахим хуудсанд Э.Амартүвшиний талаар бичихдээ, энэ үеийн шилдэг баритон хоолойтнуудын нэг хэмээгээд, өдгөө дэлхийн томоохон дуурийн театруудын хамгийн эрэлттэй дуучдын нэг хэмээн тодорхойлжээ. Мөн Италийн агуу хөгжмийн зохиолч Ж.Вердийн бүтээлүүдийн өөрт оногдсон дүр бүрийг баргил сайхан хоолойгоороо байлдан дагуулж байгааг онцлон тэмдэглэсэн байна. 



Related news