“Disney” компанийн хувьцаа унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-12-20 13:33:18

ВАШИНГТОН. /CNBC/. Канадын найруулагч Жеймс Кэмероны “Avatar: The Way of Water” уран сайхны киноны нээлтийн орлого урьдчилан таамаглаж байснаас сул гарсны дараа “Disney” компанийн хувьцааны ханш даваа гарагт унажээ.


Тодруулбал, “Disney” компанийн хувьцаа 4 гаруй хувиар буурч, сүүлийн 52 долоо хоногийн хамгийн доод үзүүлэлтэд хүрчээ. Соёл урлагийн салбарын шинжээчид үзэгчдийг удаан хугацааны турш хүлээлгэсэн “Avatar” киноны үргэлжлэлд ихээхэн найдлага тавьж байжээ.


Avatar: The Way of Water” кино нээлтээ хийсэн эхний долоо хоногийн амралтын өдрүүддээ Хойд Америкийн зах зээлээс 134 сая ам.долларын орлого олсон юм. Энэ нь шинжээчдийн таамаглаж байсан 175 сая ам.доллар, мөн “Disney” компанийн өөрийн төсөөлөл болох 135-150 сая ам.долларт хүрээгүй байна.


Гэсэн хэдий ч шинжээчид үүнд одоогоор тийм ч их санаа зовнихгүй байна. Учир нь тус кино эхний долоо хоногтоо олон улсын зах зээлээс 300.5 сая ам.доллар буюу нийтдээ 435.5 сая ам.долларын орлого олоод байгаа бөгөөд 2009 онд нээлтээ хийж байсан “Avatar” киноны эхний ангийн хувьд эхний долоо хоногтоо ердөө 77 сая ам.долларын орлого олсон ч бүх цагийн үеийн хамгийн их ашиг орлого олсон киногоор шалгарсан билээ. 

Related news