Газрын төлбөрийн орлогоос 81.69 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-25 13:37:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.


Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг 91 хувьтай гэж үзжээ. Харин 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг 4 бүлгийн 19 дэд бүлэгт хамаарах 806 төсөл үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр боловсруулжээ. Үүнээс газрын менежментийн чиглэлээр 74, газар зохион байгуулалт бүлэгт 604 ажил үйлчилгээ тусгажээ. Үүнээс өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох чиглэлээр 118, төрийн болон төсөвт байгууллагын хэрэгцээнд 111 үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Мөн ирэх онд газрын төлбөрийн орлогоос 81.69 тэрбумыг төсөвт төвлөрүүлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна. 


Түүнээс гадна хуралдаанаар Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн бүтээн байгуулалттай холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НЗДТГ-ын эзэмшиж буй 10.2 га газрыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөл бүрдүүлэн тохижуулахаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг өргөн барьсныг хэлэлцэв. Хэлэлцэх жагсаалтад багтсан бусад асуудлыг НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжжээ. 

 

Related news