Цюрих хотын 4000 гаруй иргэн монгол соёлтой танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-09 08:54:15

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Швейцарын Цюрихийн Риетберг музей энэ сарын 7-ны өдөр Монголын соёлыг онцоллоо.


Цюрих хотод жил бүр зохион байгуулдаг “Музейн урт шөнө” хэмээх соёлын наадмын хүрээнд тус хотын нэр хүндтэй музейнууд шөнийн 2 цаг хүртэл ажиллаж, иргэдэд үзэсгэлэн, үйл ажиллагааг хямдралтай үнээр толилуулдаг уламжлалтай юм.


Монгол Улсаас Швейцарт суугаа Элчин сайдын яам, Риетберг музей, “Мандах Наран” ТББ хамтран зохион байгуулсан энэ өдөрлөгт Цюрих хотын 4000 орчим иргэн хүрэлцэн ирж, Монголын нүүдэлчдийн сэтгэлгээ, урлаг, уламжлалт ахуйг илэрхийлсэн олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцлоо. Үүнд “Монголчууд: Хоёр цаг хугацаа” олон улсын үзэсгэлэнгээс сэдэвлэсэн амьтдын дүрс бүхий уран зургийн сургалт, морин хуур, уртын дуу, ардын бүжгийн үзүүлбэр, мөн уламжлалт монгол гэрийн танилцуулга багтжээ.



Дээрх байгууллагууд цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж 10 дугаар сарын 24-нөөс 2026 оны 3 дугаар сар хүртэл Риетберг музейд “Монголчууд: Хоёр цаг хугацаа” олон улсын үзэсгэлэнг албан ёсоор дэлгэхээр бэлтгэж байна.



Related news