Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-11-22 10:05:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын  тавдугаар өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.


Тэрбээр “2022 оны эцэс 2023 оны эхний улиралд  цар тахлын шинэ давалгаа үүсэх, томуу, томуу төст өвчлөл нэмэгдэх эрсдэл байна. 2022 оны 46-р долоо хоногт коронавируст халдварын нийт 1 855 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн байна. Улсын хэмжээнд "Kовид-19" халдвараар хэвтэн эмчлүүлж буй 637 өвчтөн байгаагаас Улаанбаатар хотод 453, орон нутагт 184 иргэн байна. 2022 оны 46-р долоо хоногт Улаанбаатар хотод 885, аймаг орон нутагт 970 тохиолдол бүртгэгдсэн.
 
Томуу томуу төст өвчний нөхцөл байдалтай холбоотой улсын хэмжээнд 3 750 ор дэлгэсэн. Үүнээс 1 925 ор Улаанбаатар хотод дэлгэн ажиллуулж байгаагаас өнөөдрийн байдлаар 1 093 орон дээр өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байна. Тус өвчнийг улирал хооронд, идэвхжлийн түвшин, алаг цоог, аймгийн түвшин, цар тахлын түвшин гэж таван үе шатад ангилдаг. Идэвхжилтийн түвшинд 15 аймаг, улирал хоорондын түвшинд хоёр аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд дөрвөн аймаг тус тус байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Дархан-Уул аймаг идэвхжлийн түвшнээс улирал хоорондын түвшин, Хэнтий аймаг алаг цоог түвшнээс идэвхжилтийн түвшин рүү буурсан бол Дорнод аймаг идэвхжлийн түвшнээс алаг цоог түвшин рүү тус тус шилжсэн байна.

Томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үе нь 12, 1 сар байдаг. Энэ үед бид БШУЯ-тай хамтран ЕБС-ийн хүүхдийн амралтыг 12 дугаар сарын 16-наас эхлэн 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл амрах зохицуулалт хийсэн. Томуу, томуу төст өвчний амбулаторийн нийт үзлэгийн 9.1 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар бага байна” гэв.
Related news