Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лаборатори 2026 онд ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-02 17:05:17

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээлснээр, үндэсний лавлагаа лаборатори байгуулах барилгын ажил энэ оны 10 дугаар сараас эхлээд байна.


Энэхүү лабораторийг ДЭМБ-ын 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулах юм.


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр, ХӨСҮТ-ийн захирал С.Энхболд нар Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай  өнөөдөр танилцлаа.


Эмийн чанарын хяналтын лавлагаа лабораторийн барилга угсралт 884 м.кв талбайд баталсан зураг төслийн дагуу хэвийн үргэлжилж байгааг танилцуулав. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тус ажлын явцтай танилцах үеэрээ, Монгол Улсын 3.5 сая иргэний эрүүл мэндтэй шууд холбоотой эмийн чанарыг шинжлэх үндэсний лавлагаа лаборатори болох учраас барилгын цахилгаан, дэд бүтэц, агаарын филтер зэргийг маш сайн анхаарч ажиллахыг гүйцэтгэгч байгууллагын төлөөлөлд хэллээ.


Өнөөдрийн байдлаар манай улсын Эм шинжлэх лаборатори нь түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж жилдээ 2500 орчим сорьцод шинжилгээ хийж байна.


Эм шинжлэх лаборатори нь Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лаборатори болж статус нь шинэчлэгдэн томорсноор үйл ажиллагааны хүчин чадал нь 2-3 дахин нэмэгдэж, хүлээгдэлгүйгээр эмийг шинжлэх, эмийн чанарын асуудлыг хяналтдаа бүрэн оруулах нөхцөл бүрдэх юм.

 

Эмийн үнэ, эмийн сангийн байршлыг харах https://em.hdc.gov.mn/ вэб сайт хэрэглээнд нэвтрээд байна. Энэ нь эмийн үнийг иргэдэд нээлттэй болгох, сонголт хийхэд нь хялбаршуулсан ажил болоод байгаа юм. 


Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лаборатори 2026 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орсноор эмийн чанарын асуудлыг манай улс хяналтдаа бүрэн оруулж чадахаар болох юм. Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 3780 эм бүртгэлтэй байна. Мөн 2800 орчим эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа аж.


Related news