ДАРХАН-УУЛ: Үр тариа, төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангах тооцоолол гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-11-16 13:09:59

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ жил 21 мянган га талбайд үр тариа, төмс хүнсний ногоо тариалж 45.5 мянган тонн ургац хураан авчээ.


Ингэснээр аймгийн нийт хүн амын төмс, хүнсний ногоо, үр тарианы хэрэгцээг дотооддоо 100 хувь хангах тооцоолол гарчээ. Газар тариалангийн бүс нутаг болох Дархан-Уул аймгйин хэмжээнд үр тарианы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 54 ААНБ, 49 иргэн 34.2 мянган га эргэлтийн талбайд тариалалт хийдэг аж.


Улаанбуудай 13 мянган га талбайд тариалж, 15 мянган тонн ургац хураан авч 80 орчим хувийг гурилын үйлдвэрт борлуулсан аж. Ирэх хаврын тариалалтад шаардлагатай үрийг 100 хувь буюу 1900 тонн үрийн буудай нөөцөлжээ.



Тосны ургамал 4808 га талбайд тариалж га-аас 3 цн нийт 1422 тн ургац хураан авсан байна. Засгийн газрын 131 дүгээр тогтоолоор эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болсон. Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх үүднээс 970 га талбайд малын тэжээлийн ургамал тариалжээ.


Төмс, хүсний ногоо 2100 га талбайд тариалж 27.000 тн ургац хураан авсан байна. Энэ жилийн хаврын тариалалтад Засгийн газар, ХХААХҮЯ-наас үрийн дэмжлэг үзүүлснээр өнгөрсөн оны мөн үеэс 3000 тн илүү ургац хураан авчээ. Мөн өөр нэг нөлөөлсөн хүчин зүйл нь арилжааны банкуудаар дамжуулан төмс, хүнсний ногоо тариалж буй иргэдэд бага хүүтэй зээл олгосон нь тариалалтыг нэмэгдүүлэх, ургалтад нөлөөлөх бордоо, хураалтад зориулсан техник тоног төхөөрөмж тодорхой хэмжээнд авсантай холбоотой аж.



Аймгийн нийт хүн амыг төмс, хүнсний ногоогоор дотооддоо хангаж байгаа ч тулгамдсан асуудал бий. Ургац 100 хувь хураан авсан ч түүнийг хадгалах зориулалтын агуулах, зоорь шаардлагатай хэвээр байна. Ногоочдын тухайд зарим нь өөрсдийн хөрөнгө, нөөцөд тулгуурлан шинээр зоорь барьж байгаа бол зарим нь хадгалалтын горим бүрэн хангах боломжгүй хуучны зоорь ашиглаж байгаа аж. Тиймээс 20-30 мянган тонн ногоо хадгалах багтаамжтой зоорьтой болох асуудал аймгийн хэмжээнд тулгамдаж байна. Одоогоор хураан авсан төмс, хүнсний ногооны 60 гаруй хувийг хадгалах боломжтой ажээ.



Нөгөөтэйгүүр газар тариалангийн салбарт тулгамдаж буй асуудал тэр дундаа үр тарианы ургацын гарцад нөлөөлж буй гол хүчин зүйл нь хөрс. Олон жил ашиглагдсан, үржил шим муудсан хүндрэлүүд бий. Аймгийн ХХААГ, Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй хамтран хөрс, агрохимийн шинжилгээг хийдэг аж.


Шинжилгээгээр ялзмагийн хэмжээ байх ёстой хэмжээнээс 1.5 дахин бага гэсэн үзүүлэлт гарчээ. Тиймээс хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхэд зөвхөн иргэн, ААНБ-ууд анхаарах бус улсын хэмжээд төр засгаас бодлогоор дэмжиж бодит ажил болгох хэрэгтэй тариаланчид онцолж байна. Үр тарианы ургацын хэмжээ цаг уурын нөхцөлөөс шалтгаалдаг ч авах ургац жил ирэх бүр багасч байгаа хөрстэй холбоотой ажээ.


Өнгөрсөн жилийн хураан авсан ургацын хэмжээтэй харьцуулбал таримлын төрөл ижил ч 2.4 хувь буюу 5000 тн ургацаар буурсан үзүүлэлтэй байна. Харин Засгийн газрын дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгосонтой холбоотой төмс, хүнсний ногоо тариалалтын талбайг нэмж, тэр хэмжээгээр авах ургац нэмэгдсэн гэж аймгийн ХХААГ-ын газар тариалан хариуцсан мэргэжилтэн О.Нэмэхбат мэдэгдлээ.

 

Related news