“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг үе шаттай боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-11 13:43:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан нь хот стандарттай болох нөхцөл бүрдүүлсэн юм.


Улаанбаатар хотын хувьд 22 бүлэг, 97 стандартыг батлан мөрдөхөөр төлөвлөж буйн эхний 9 бүлгийн 38 стандартыг баталсан нь 2022 оны 10 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ хэм хэмжээ, стандартыг таниулах, мэдээлэл өгөх, холбогдох төрийн болон ТББ-ын дунд, урт хугацааны хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлохоор Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж, хэлэлцүүлэв. 


Засгийн газраас стандарт, хэмжил зүйн салбарын шинэчлэлд онцгой анхаарч, хүн амын амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, олон нийтэд стандартын боловсрол олгох соён гэгээрүүлэхээр “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлэхэд анхаарч байгаа.


Хөгжингүй орнуудын нууц нь ердөө стандарт гэдгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нэгдсэн зөвлөгөөний үеэр онцлоод, Стандартыг хэвшүүлж, хэрэгжүүлэхэд мэргэжлийн хэрнээ мэргэжлийн биш хяналтын байгууллага байх ёсгүй. Хувийн хэвшил нь хийхээ хийгээд, хөндлөнгийн хяналт сайн байх ёстой юм. Төрөөс бодлогоо гаргаж баримтлан, Монголд нийцсэн үндэсний баримт бичгийг үе шаттай боловсруулахдаа олон талын төлөөлөл оруулна. Улсын хэмжээнд стандарт гэдэг нэг малгай дор явна. Аливаа дүрэм журам үндэсний стандартад захирагдах ёстой. Хотын стандарт хэрэгжээд эхэлж байгаа. Орон нутгууд үүнд цаг, мөнгөө үрэхгүйгээр санаа авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Орон нутгийн стандартын баримт бичиг боловрсуулна. Цааш нь байгууллагын стандарт яригдана. Чанарын, менежментийн тогтолцоо гээд олон стандарттай ч зарим нь хананд өлгөөтэй төдий байдаг. Олон аж ахуйн нэгж стандартаа хэрэгжүүлэн, гадаадад өрсөлдөж байна. Төрийн ажлын арга барил, албан тушаалтын хариуцлага гээд олон зүйл бий. Стандартыг бодит ажил болгох шаардлага бий. Стандарт тогтоох, хэвшүүлэх нь хүнээс шалтгаалдаг учир аль ч улс оронд амаргүй байсан юм билээ. Иргэдэд сурталчлан таниулахаас ажил эхэлнэ. Стандартыг нийгэмд хүлээн зөвшөөрүүлж, стандарт шаарддаг болж, улс орон даяар кампанит ажил болгон зохион байгуулъя” гэлээ.


Одоогоор 147 аж ахуйн нэгж ISO9000-г нэвтрүүлээд байгаа. Энэ стандарт нэвтрүүлснээр манайд ямар өөрчлөлт, үр дүн гарсныг ажилчдаасаа асуувал сонирхолтой хариулт гарах байх, хэлбэрээр бус агуулгаар асуудалд хандахыг тэрбээр тэмдэглэсэн юм. 


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвлөгөөний үеэр “Хотыг хөгжүүлж, иргэнд ээлтэй, эмх замбараатай болгохын тулд нэгдсэн стандарт боловсруулах, батлах, хэрэгжүүлж эхлэх үйл явц болж байна. Бүгдэд хүртээмжтэй тэгш үйлчилгээ, амьдрах аюулгүй тайван нөхцөл бүрдүүлэх бодлогын бичиг баримтыг олон нийтэд сурталчлах, хэрэгжүүлэх, мөрдөх явцад төр, албан байгууллага, иргэд нэгдэж, өөрсдийн санаачилгаа үзүүлэх нь нэн чухал.

НИТХ-ын хурлаар баталсан эдгээр стандартыг хийж буй, цаашид хийх ажилд тусган мөрдөж эхэлсэн. Тухайлбал, нийтийн тээвэрт стандарт хангасан 65 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн нь цаашид ч үргэлжилнэ. Нийтийн тээврийн парк шинэчлэхдээ энэ шаардлагыг мөрдөнө гэсэн үг” хэмээв.


Хотын стандартыг боловсруулах ажлын хэсгийг 2021 онд байгуулснаар 70 байгууллагын 216 ажилтан, судлаач, мэргэжлийн зөвлөх хамтран 1558 баримт бичиг, материалыг судлан, стандарт боловсруулжээ. Ингэхдээ эрдэмтэн судлаач, мэргэжлийн байгууллага, төр, хувийн хэвшил, ТББ, иргэдийн саналыг авсан юм. Тиймээс хэрэгжих боломжтой, олон улсын жишигт нийцсэн, хэрэглэхэд хялбар, үнэ төлбөргүй зэрэг давуу талтайг зөвлөгөөний үеэр онцолжээ.

Related news