Газар хөдлөлтийн үнэлгээ хийх, паспортжуулах шаардлагатай 915 барилга байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-11 08:18:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хот байгуулалтын нэгдсэн мэдээллийн санд энэ оны 1 дүгээр сарын байдлаар 18,625 барилга, байгууламж бүртгэгдсэнээс газар хөдлөлтийн бүс нутагт 2002 он хүртэл баригдсан нийтийн зориулалттай орон сууц 1320, төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 524, нийт 1844 барилга байна.


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар барилга байгууламжийн бат бөх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гарган паспортжуулах эрх бүхий хуулийн этгээдийг мэргэжил, арга зүй, удирдлагаар хангах, техникийг хэлэлцэн шийдэх, мэргэжлийн байгууллагын ажлыг уялдуулах үүрэг бүхий орон тооны бус паспортжуулалтын зөвлөлийн үйл ажиллагааг хэлэлцэв. Ашиглалтад орж буй барилгыг паспортжуулах, чанарын дүгнэлт гаргах ажил 2011 оноос эхэлжээ.


Нийслэл орчмын газар хөдлөлт 2018 онд 829, 2019 онд 1010, 2020 онд 1357, 2021 онд 1123 бүртгэгдсэн бол он гарснаас хойш 9 дүгээр сарын байдлаар 813 удаа газар хөдөлжээ. Үүнээс 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 2021 онд 3, энэ онд 4 удаа бүртгэгдсэн байна. 2002 оноос өмнө барьсан, паспортжуулах шаардлагатай 1844 барилгаас 2011-2022 онд нийтийн зориулалттай орон сууцны 640, олон нийтийн 258, нийт 898 барилгад буюу 48 хувьд нь судалгаа хийн, дүгнэлт гаргаж паспортжуулжээ.


Эдгээрээс газар хөдлөлтөд тэсвэртэй 203, хүчитгэл, бэхэлгээ хийх 188, барилгын үндсэн хийц, бүтээц ослын байдалтай, норм, нормативын баримт бичгийн шаардлага хангахгүй, болзошгүй газар хөдлөлтөд тэсвэргүй 507 барилга байна. Энэ онд хэмжилт судалгаа хийж буй 31 барилга байна. Цаашид 2002 оноос өмнө барьсан нийтийн зориулалттай орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг олон нийтийн 915 барилгад газар хөдлөлтийн үнэлгээ хийх, паспортжуулах шаардлагатай тул дээрх асуудлыг шийдэх хөрөнгө тусгаж өгөхийг зөвлөлийн гишүүдээс Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж хүслээ.


Мөн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих явц, холбогдох тооцоо судалгаа, мэдээллийг танилцуулав. 1970 оноос өмнө барьсан, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон. Гэвч эдийн засаг, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалан одоо ч барилгуудыг ашигласаар байгаа.


Нийслэлийн Засаг даргын 18 удаагийн захирамжаар 178 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах шийдвэр гарснаар 109 барилгад төсөл хэрэгжүүлэгч шалгаруулж, 2015-2022 онд 1298 өрхийн 61 барилгыг буулгаж, 3131 өрхийн үйлчилгээ, орон сууцны 25 барилгыг барьж, ашиглалтад оруулжээ. Ашиглалтад ороход бэлэн болсон 6, гэрээний шатанд 20 барилга, ажил нь үргэлжилж буй 38 барилга байна. Төсөл сонгон шалгаруулалт зарладаг ч аж ахуйн нэгжүүд орж ирдэггүй тул хөнгөлөлт, дэмжлэг хэрэгтэйг зөвлөлийн гишүүд онцолжээ.


Улаанбаатар хот нь нийт газар нутгийн 0.03 хувийг эзэлдэг бөгөөд хүн амын 51 хувь нь нийслэлд амьдарч байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан 2018 онд хийсэн хүн ам, барилгажилтын нягтралын судалгааг шинэчлэн тогтоох шаардлага бий. Иймээс Улаанбаатар хотын суурьшлын бүсийн 35,206 га талбайг авто замын сүлжээгээр 1183 хэсэгт хувааж, одоо байгаа болон шинээр барихаар төлөвлөсөн барилгын мэдээлэлд тулгуурлан хүн ам, барилгажилтын нягтралтын хэмжээг шинэчлэн тогтоожээ. Хүн амын нягтралын дээд хязгаар 460 хүн/га-гаас хэтэрсэн 88 хэсгийн 733 га талбай байна. Иймд дээрх газар орон сууцны барилга бариулахгүй, шаардлагатай цэцэрлэг, сургуулийн барилга барих, эс бөгөөс өөр газраар солих гэх мэт шийдвэр гаргах шаардлагатайг Н.Нацагдорж хэллээ. Хүн амын нягтралын хязгаарыг давсан байршлыг энэ ондоо багтаан НИТХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болов.

Related news