С.Амарсайхан: Тогтоол шийдвэр дагахгүй байгаа аймгийн удирдлагуудад хариуцлага тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-10 13:42:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зарим аймаг өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангаагүй, мэдээлэл дутмагаас иргэдийн дунд үл ойлголцол үүсэж байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад малчид отор нүүдлээр мал сүргээ өвөлжүүлэх нь нэмэгдэх хандлагатайг Улсын онцгой комиссоос аймгуудад өвөлжилт хүндэрч болзошгүйтэй холбогдуулан хийсэн цахим уулзалтын үеэр онцлов.


Ажлын хэсэг аймаг орон нутгуудад эрсдэлийн үнэлгээ хийхэд яам, аймаг орон нутаг, сум, малчид хоорондоо хамтарч ажиллах, мэдээлэл солилцох нь муу, сум, багийн удирдлагууд малчидтай хамтрахгүй, бүртгэлийн цэгүүдээ ажиллуулахгүй, өвлийн бэлтгэлээ сайн хангаагүй, зохион байгуулалтыг биечлэн хийгээгүй дүгнэлт гаргажээ. Тодруулбал, Өвөрхангай, Архангай, Баян-Өлгий аймаг өвлийн бэлтгэлээ 50 хувь базаасан бол бусад аймаг 50-иас доош хувьтай байгаа аж.


Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан энэ үеэр ярихдаа, “Өвлийг давахад ажлын хариуцлага, хамтарч ажиллах уялдаа холбоо, зохион байгуулалт асар хангалтгүй байна. Отроор яваа, дамжин өнгөрч буй малчид аймгийн удирдлагуудтай харилцах, хариуцлагатай байх, удирдлагууд нь хэдэн мянгаар оторлож байгаа малыг бүртгэхгүй байгаа нь хариуцлагагүй үйлдэл юм. Мал амьтны гоц халдварт өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх дүрэм журмыг ч дагаж мөрдөх ёстой. Газар нутгаа хамгаалж байна гээд явцуу байдлаар хандаж болохгүй, бэлчээрийг хэнд ч өмчлөөгүй, даацтайгаа уялдуулан хэдэн мал оторлож, дамжин өнгөрөх нь зохион байгуулалтын л ажил. Малчин өрх, малаа эрсдэлд оруулахгүйгээр хамтарч нөөц бололцоогоо ашиглах ёстой. Тогтоол шийдвэр дагахгүй байгаа аймгийн удирдлагуудад хариуцлага тооцно. Сум, багийн удирдлагууд отроор яваа малчдаас авилга, мөнгө, архи нэхэх тохиолдол ч байна. Отроор явахдаа аймгийн удирдлагууд зэргэлдээ аймаг, сумын удирдлагатай гэрээ хийх үүрэг даалгавар өгсөн. Энэ нь зөвхөн мал, малчны тухай яриа биш эдийн эдийн засгийн суурь асуудал тул зохион байгуулалтаа сайжруулъя. Аймаг орон нутгийн удирдлага асуудлаа эрэмбэлж хэлэлцээд, нэдсэн байдлаар танилцуулах”-ыг үүрэг болгов.


Түүнчлэн, маргааш улсын төсвийг эцэслэн баталсны дараа аймаг, орон нутгийн төсөвт өвлийн бэлтгэл хангахтай холбоотой ямар зохицуулалт, төлөвлөлт тусгаж байгаа, газар хөдлөлийн давтамж нэмэгдэж буйтай холбоотой ямар бэлтгэл хангаж байгаа, малчин өрх, иргэдэд өвлийг өнтэй давах зөвлөгөөг хэрхэн хүргэж, хэн хариуцаж байгаа, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малчдыг хариуцлагажуулах, оролцоог хангах хүрээнд аймаг бүр онцлогтоо уялдуулсан төлөвлөгөө гаргаж энэ сарын 13-ны хуралдаанаар танилцуулахыг даалгалаа. 

Related news