Авто машины хуурамч дугаараар замын хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд жолооч нар улсын дугааргүйгээр болон авто машиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцох нь ихсэж байна. Тээврийн цагдаагийн албанаас уг зөрчилд өнөөдрөөс хариуцлага тооцож эхэллээ.
Тодруулбал, хөдөлгөөн зохицуулагчид биечлэн болон камерын хяналтын системээр уг зөрчлийг илрүүлэх арга хэмжээг авч байна. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу улсын дугааргүй хөдөлгөөнд оролцвол иргэнийг 25 нэгж, хуулийн этгээдийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Харин хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж иргэнийг 50 нэгж, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.
Иймд иргэд,
жолооч нарыг хууль дүрмээ чанд мөрдөж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг
Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.