ДУНДГОВЬ: Салхитын мөнгөний уурхай "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-03 15:10:53
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг тус сумын төвд зохион байгуулав.  


Үйл ажиллагааг Канад улсын Засгийн газрын санхүүжилтэй МERIT (Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжрууллах нь) төслийн хүрээнд “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК, Дундговь аймгийн ЗДТГ, Гурвансайхан сумын ЗДТГ өнгөрсөн 28-29-нд хамтран зохион байгуулжээ.


MERIT төслийн дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” группийн харьяа “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК “Салхитын мөнгөний ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг загвар байдлаар боловсруулах”  тус төслийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж байгаа ба энэ нь цаашид бусад уурхайд жишиг болохуйц хаалтын менежментийг төлөвлөх сайн туршлагыг бий болгох зорилготой.


Салхитын холимог металлын энэ орд Улаанбаатар хотоос өмнө 280 км-ийн зайд, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт оршдог. Салхитын мөнгөний ордын ашиглалт цаашид ойролцоогоор 8 жилийн хугацаанд үргэлжлэх хэдий ч Монгол улсын холбогдох хууль, журамд заасны дагуу хаалтын төсөөллийг эрт төлөвлөн батлуулах шаардлагаар тус төсөл хэрэгжиж байгаа юм.


Өдөрлөгийн үеэр иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, уурхайн нөлөөлөлд өртөж буй иргэд, орон нутгийн оролцогч талууд санал солилцож, иргэдийн зүгээс "тус өдөрлөгт оролцсоноор “уурхайн хаалт” гэдэг нь одоо хаах тухай биш 10 жилийн дараах хаалтыг одоо төлөвлөх тухай ярьж байгааг ойлгож авлаа” гэсэн бол Гурвансайхан сумын удирдлагууд өдөрлөгийг “Иргэдэд уурхайн хаалт, түүний ач холбогдлын талаар ойлгуулж, таниулсан чухал ажил болж өнгөрлөө” хэмээн дүгнэжээ.


Түүнчлэн хаалтын төлөвлөгөө  боловсруулаад зөвлөх үйлчилгээ үзүүлж буй Канад улсын болон үндэсний зөвлөхүүдийн баг Салхитын уурхайн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан нөхөн сэргээлт, газар хэлбэршүүлэлтийн урьдчилсан төсөөлөл, зураглал гаргах талаар санал солилцсон байна. 

Related news