СЭЛЭНГЭ: УИХ-ын дарга Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-24 23:39:31

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. УИХ-ын даргаар ахлуулсан баг Сэлэнгэ аймгийн Шаамар суманд ажиллахдаа Эрүүл мэндийн төвийн эмч, хүнсний олон төрлийн ногоо тарьж ургуулж байгаа Б.Алтанцэцэгийн ногооны талбайд зочилсон юм.

 

Эмч, ногоочин Б.Алтанцэцэг 2014 оноос эхлэн зуны хүлэмжид тариалалт хийж байгаа аж. Тэрбээр эмчийн нөр их ажлынхаа хажуугаар ногоо тариалж, улмаар шилдэг ногоочноор хоёр ч удаа шалгарч байсан байна. Өнөөдөр тэрбээр хүнсний 13 нэр төрлийн нарийн ногоо тариалж, сүүлийн жилүүдэд жилд 3 тонн лооль, 5 тонн өргөст хэмх, 800 кг хаш, 1 тонн брокли, 5 тонн навчит ногоо тус тус хураан авчээ. Хүнсний ногоо тариалахад хүлэмж, зоорь, ажиллах хүчний асуудал тулгамдаж буй талаар тэрээр ярьсан юм.

 

УИХ-ын даргын зүгээс Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэхээр боллоо.

Газар тариаланг хөгжүүлэхэд эргэлтийн талбайг 1.1 сая га-д хүргэх, усалгаатай тариалангийн талбайг 5.0 мянган га-аар нэмэгдүүлэх, 100.0 мянгаас доошгүй тонн хүнсний улаанбуудайг худалдан авах нөөц бүрдүүлэх, 10 нэр төрлийн хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгох.

 

Мөн дулааны хангамж, дэд бүтэц бүхий бүс нутгуудад 50 га өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах, азот, фосфорын бордооны үйлдвэр байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж хэрэгжилтийг хангах, механикжсан агуулах, зоорийн багтаамжийг 50.0 мянган тонноор тус тус бүсчилсэн байдлаар нэмэгдүүлэх зэрэг зорилт дэвшүүлжээ.

 

Сэлэнгэ аймгийн хувьд улсын хэрэгцээт үр тарианы 50, төмсний 20, хүнсний ногооны 32 хувийг дангаараа хангадаг. Цаашид ч Сэлэнгэ аймгийн хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл ханган нийлүүлэлт нэмэгдэх бодит хэрэгцээ байгаа юм.

 

Мөн хилийн бүс нутаг тул импортын хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт ч Сэлэнгэ аймгаар дамжин хийгддэг. Ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт тавин "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг Улсын Их Хурал баталсан юм. Энэхүү тогтоол хэрэгжсэнээр хүнс, хөдөө аж ахуйн салбарт бодлогын дэмжлэгүүд нэмэгдэж, салбарын хөгжилд ахиц үзүүлэх ажээ. 



Related news