ДАРХАН-УУЛ: “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг энэ сарын 7-11-нд тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Соёл, урлагийн салбарын нийгмийн хариуцлага, манлайллыг өргөх, ололт амжилтыг олон нийтэд мэдээлж, сурталчлах, ажиллагсдын хөдөлмөр, бүтээлийг тодруулан алдаршуулах зорилгоор “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил тус өдрийг 9 дүгээр сарын 7-11-ний өдөр Дархан-Уул аймагт дараах чиглэлээр тэмдэглэнэ.
Тус өдрийн эхний ажлыг Соёлын салбарын залуучуудын зөвлөл хэлэлцүүлгээр эхлүүлэх аж. Тодруулбал “Соёл, урлаг-хамтын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зөвхөн тухайн салбарынхны дунд өрнүүлэх гэж байна. Тулгамдсан асуудал, цаашид хэрхэн салбараа хөгжүүлэх, талаар залуучууд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.
Мөн нийгэм, хүмүүнлэгийн ажил, уламжлал болгон зохион байгуулдаг спортын бага наадам, соёл, урлагийн ажилтны өдөрлөг гэсэн нэгдсэн үйл ажиллагаа болох аж. Энэ сарын 8-ны өдөр Шарын гол, Орхон, Хонгор сумын соёлын төвүүд сум, сумандаа нээлттэй өдөрлөг зохион байгуулж, соёлын олон талт үйл ажиллагааг зохион байгуулна.
9 дүгээр
сарын 10-ны өдөр Дархан
суманд Соёл, урлагийн ажилтны өдөрлөгийг Найрамдал талбайд зохион байгуулна. Тухайн өдөр
13.00-17.00 цагийн хооронд
соёлын байгууллагууд үндсэн
үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд нээлттэй сурталчлан таниулах ажээ. Түүнчлэн аймгийн чөлөөт уран бүтээлчид,
зураач урчууд, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид, хүүхдийн дугуйлангууд тус
тусын чиглэлээр үйл ажиллагаагаа сурталчилж нээлттэй оролцохоор
болжээ. Өнгөрсөн зунаас эхлэн долоо хоног бүр тогтмол зохион байгуулж ирсэн “Open mic” үйл ажиллагааг 17.00-19.00 цагийн хооронд Залуучууд театр, аймгийн Хүүхдийн
нэгдсэн зөвлөл хамтран зохион байгуулах аж.
Соёл, урлагийн ажилтны өдрийн үйл ажиллагаанд аймгийн Соёл, урлагийн газар, Залуучууд театр, аймгийн Музей, Төв номын сан, Хүүхдийн номын ордон, Хонгор сумын Соёлын төв, Орхон сумын Соёлын төв, Шарын гол сумын Соёлын төв, МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл, Зураач, урчуудын холбоо, МЗХ-ны Дархан салбар зөвлөл, Их дээд, мэргэжийн сургалт, ЕБС-ийн номын санчид, Хөгжмийн багш нар, Бүжгийн холбоо, Гэрэл зурагчдын холбоо, Чөлөөт уран бүтээлчид , Монгол 2 загварын агентлаг, дуу, бүжиг, хөгжим, уран зураг, уран нугаралт зэрэг хөгжлийн дугуйлангийнхан тус тус хамрагдана.