ДАРХАН-УУЛ: Нэгдсэн эмнэлгийн нярай судлалын тасаг хөхний сүүний банктай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-08-06 17:52:44

Дархан, 2025 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар ЭМЯ болон ДЭМБ хамтран нярайн эндэгдэл бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд ЖиЖи Ритэйл ХХК, Baby world хүүхдийн дэлгүүрийн Lansinoh брэнд хөдөө орон нутагт анх удаа хөхний сүүний банкийг бий болголоо.



Энэхүү хөхний сүүний банк нь тусгай шалгуурын дагуу эхийн болон донорын хөхний сүүг нөөцөлж дутуу төрсөн ангир уураг болон хөхний сүүгээ хэрэглэх боломжгүй нярайд амин чухал юугаар ч орлуулшгүй хөхний сүүг хэрэглүүлэх гол зорилготой юм.




Сүүний банктай болсноор дутуу төрсөн нярайн халдвар эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх, дархлааны систем болон нярайн амьдрах чадвар сайжирснаар эндэгдэл буурч, суурь өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой ажээ.


Монголын анхны хөхний сүүний банкийг Нийслэлийн Өргөө амаржих газрын нярайн эрчимт эмчилгээний тасагт өнгөрсөн онд байгуулсан байна.



Хөхөөр хооллож арьс, арьсаараа шүргэлцэж байгаа үед хүүхдийн тархинд аз жаргалын даавар окситоц ялгардаг. Энэ дааврын нөлөөгөөр хүүхэд илүү аюулгүй, мэдрэмжтэй, илүү тайван тухтай, стресс багатай байдаг гэж эх барих эмч зөвлөж байна.


Түүнчлэн эхийн сүүгээр хооллох нь уураг тархийг маш сайн хөгжүүлэх нөхцөл болохоос гадна насан туршдаа олон тооны халдварт өвчнүүд, таргалалт, чихрийн шижин өвчин, цусны хорт хавдар, шүдний эмгэгүүд, харшлын өвчнөөр өвдөхөөс хамгаалдаг байна.




Мөн хөхөөр хооллож байгаа хүүхдүүдийг дагаж судлахад удаан хугацаандаа танин мэдэхүйн чадварууд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадварууд болон асуудал бэрхшээлийг давах чадвар илүү байдаг нь тогтоогджээ.


Ташрамд эхийн сүүгээр хооллолтыг дэмжих Дэлхийн холбооноос санаачлан “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг 1992 эхлэн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг байна.



Related news