БАЯН-ӨЛГИЙ: Улаанбаатар хотоос ирсэн багш нар монгол хэл, бичгийн эрчимжүүлсэн сургалт явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос мэргэжлийн 10 багш Баян-Өлгий
аймагт ирж энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд монгол хэл, бичгийн эрчимжүүлсэн
сургалт хийж байна.
Уг сургалтыг БШУЯ, Боловсролын ерөнхий газар хамтран энэ сарын 1-нээс
19-ний өдрүүдийн хооронд Өлгий хотод зохион байгуулж байгаа аж.
Өнгөрсөн хавар авсан монгол хэл, бичгийн шалгалтад Баян-Өлгий аймгаас өмнөх
оны төгсөгчидтэй нийлээд 1300 гаруй хүүхэд орсон. Үүнээс 40 орчим хувь нь
тэнцээгүй юм. Шалгалтад тэнцээгүй хүүхдүүдийг дээрх эрчимжүүлсэн сургалтад
суулгаж, энэ сарын 20-ны өдөр дахин шалгалт авна.
Эрчимжүүлсэн сургалтад 250 хүүхэд орохоор бүртгүүлснээс одоо 147 хүүхэд
сууж байгаа. Хичээлийг Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын
туршлагатай багш нар зааж байна.