ДАРХАН-УУЛ: 30 тун хүүхдийн вакцин хийгджээ

ОРОН НУТАГТ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-08-05 13:18:56

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Эрүүл мэндийн сайдын А/378 тоот тушаалаар 05-11 насныхан буюу 2011-2017 онд төрсөн хүүхдүүдэд Коронавирусний халдварын эсрэг "Комирнэти" (BNT162b2) вакциныг энэ сарын нэгний өдрөөс хийж эхэлсэн. Уг дархлаажуулалтыг Дархан-Уул аймгийн хэмжээнд Лхагва гарагт эхлүүлжээ.


Эцэг, эхийн зөвшөөрөлд тулгуурлан хийгдэж буй хүүхдийн файзер вакцинаас өнөөдрийн байдлаар 30 тун хийгджээ. Аймгийн хэмжээнд найман дархлаажуулалтын нэгж ажиллаж байгаа аж. Тодруулбал, Дархан суманд таван ӨЭМТ, Орхон, Хонгор, Шарын гол сумын ӨЭМТ-үүдэд дархлаажуулалтын байнгын цэгүүд ажиллаж байна. Нийт 4190 тун вакцин татан авалт хийгдсэн бөгөөд наймдугаар сард хүүхдүүдийн 25-30  орчим хувийг нэгдүгээр тунд хамруулахаар төлөвлөжээ. Хичээлийн шинэ жил эхэлсэнээс хойш хоёрдугаар тунд хамруулах аж. 


Дархлаажуулалт эхлэхтэй холбогдуулан Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл өрх, сумын эрүүл мэндийн төвийн удирдах ажилтан болон холбогдох эмч, мэргэжилтнүүд, вакцинатор сувилагч нартай уулзалт хийж, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллажээ.


Ташрамд зөвхөн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр хүүхдүүдэд вакцин хийх ажээ.

Related news