Шведийн VOLVO групптэй хамтын ажиллагаа эхлүүлэх сонирхлоо илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Шведийн Хаант улсад суугаа Элчин сайд Т.Жанабазар, "Монгол Тээвэр Нэгдэл"-ийн ерөнхийлөгч С.Ганболд нар 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Шведийн Гётенбург хотноо “VOLVO” группын ачааны машины Олон улсын борлуулалт болон маркетинг хариуцсан Дэд ерөнхийлөгч ноён Ёохан Сэлвэнтэй уулзав.
Уулзалтын үеэр Монгол Улс хоёр хөрш оронтойгоо болон олон улсын хүрээнд хөгжүүлж буй транзит тээврийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, транзит орон болох манай улсын бодлого болон үйл ажиллагааны чиглэл, цаашдын боломжийн талаар мэдээлж, VOLVO компанийн талаас манай орны дотоодын болон транзит тээврийн хөгжил, ирээдүйн төлөв, Монголын хүнд даацын ачааны машины парк, түүнд эзэлж буй VOLVO машины ашиглалт зэрэг сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, мэдээлэл солилцов.
“Монгол Тээвэр Нэгдэл” нь цаашид улам өсөн нэмэгдэж буй олон улсын транзит ачаа тээврийг өөрийн оронд хөгжүүлэх хүрээнд Шведийн VOLVO групптэй хамтын ажиллагаа эхлүүлэх, түүний дотор худалдан авалт хийх, засвар үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг сонирхож буйгаа илэрхийлж, цаашид хоёр тал энэ чиглэлээр тодорхой судалгаа хийж, хамтран ажиллахаар болов.
Уулзалтын дараа Дэд ерөнхийлөгч Ёохан Сэлвэн монголын төлөөлөгчдийг хүндэтгэн өдрийн зоог барьж, компанийхаа төв офис болон VOLVO маркийн ачааны машины үйлдвэрлэлийн ерөнхий байдалтай явж танилцуулав.