ЗАВХАН: Хүнсний ногооны тариалалт 24.9 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-07-23 20:05:54

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг өнгөрсөн хавар 6570.7 га талбайд тариалалт хийжээ.

Тухайлбал, үр тариа 2560.0 га-д, төмс 211.8 га-д, хүнсний ногоо 196.0 га- д, малын тэжээл 3602.9 га- д тус тус тариалсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс нийт тариалсан талбай 970.6 га буюу 12.9 хувиар буурсан байна. Тариалсан талбайг төрлөөр нь авч үзвэл үр тариа 327.5 га буюу 14.7 хувь, төмс 0.6 га буюу 0.3 хувь, хүнсний ногоо 39.0 га буюу 24.9 хувиар тус тус өсөж, таримал тэжээл 1337.7 га буюу 27.1 хувиар буурсан байна. Харин Завханы брэнд болсон улаан хальст саримсыг энэ жил 90 гаруй тариаланч 9.7 га-д тариалалт хийсэн байна.

Өнгөрсөн жил 9 га-д тариалж 15.8 тонн ургац хураан авсан байна. Өнөөдрийн байдлаар газар тариалангийн явц, усалгаа, арчилгаа хэвийн байна. Ирэх намар амжилттай ургац хураан авах төлөвлөгөөтэй байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Ташрамд тус аймагт төмс болон хүнсний ногоо нэг килограмм нь 4000-4500 төгрөгийн үнэтэй байна. Харин таримал сонгино, саримс нэг килограмм нь 3500 төгрөгийн үнэтэй байна. Түүнчлэн тус аймгийн тариаланчид хүлэмжийн нарийн ногоо, өргөст хэмх, улаан лооль, гүзээлзгэнэ зэргээр аймгийнхаа иргэдийг хангадаг бөгөөд эдгээр ногооны үнэ зах зээлд хэвийн нэмэгдээгүй байна.  

Related news