Таван гаргийн давхцлыг ажих "Сэтгэшгүй оддын чуулган" аялал тун удахгүй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-15 18:40:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших байгалийн үзэсгэлэнт газар Цагаан суварга, “Говь каравансерай” жуулчны баазад “Сэтгэшгүй оддын чуулган” одон орны хөтөлбөр бүхий аяллыг 6 дугаар сарын 24,25-ны өдрүүдэд зохион байгуулна.

Энэ сарын 24-25-нд шилжих шөнө сарны гэрлийн нөлөө хамгийн бага байдаг ба харанхуйд тэнгэрийн од гараг ажиглах хамгийн таатай цаг хугацаа бөгөөд 25-ны 3.00-4.00 цагийн хооронд Буд, Сугар, Ангараг, Бархасбадь,Санчир гараг нэг шугамд эгнэн энгийн нүдээр харах боломжтой байх ажээ.

Таван гаргийн энэхүү давхцал нь 2002 оны 12 дугаар сард тохиож байсан бол дараагийн давхцал нь 2040 онд тохиох тул маш ховор үзэгдэл аж.

Тус аяллын онцлог нь од ажиглахад нэн таатай бүс болох Монголын говийн хязгааргүй хээр нутагт одон орныг ажин танин мэдэх, түүх соёлтойгоо танилцахаас гадна монгол өв соёл, язгуур урлаг хосолсон, аялагчдад оюун санаа, амралтын сайхан мэдрэмж төрүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

"Говь каравансерай" жуулчны бааз нь Улаанбаатар хотоос урагш 480 километрийн зайд орших Цагаан суваргын өвөрмөц тогтоц бүхий их говийн зэрэглээт талд байрладаг бөгөөд тус газрын эргэн тойрон нь гэрлийн бохирдолгүй, харагдах орчны нөлөөгүй, хязгааргүй уудам өргөн тал бөгөөд олон улсын хэллэгээр “харанхуй тэнгэр” хэмээн нэрлэгддэг бүс ажээ.

Аялал 2 шөнө, 2 өдөр үргэлжилнэ. Одон орон тайлбарлагч, орчин үеийн болон язгуур урлагийн уран бүтээлчид, өв соёл судлаачид, мэргэжлийн зурагчид, зураглаачид хамтран оролцож, аялагчдад одны ордуудын байршил, од эрхсийн домог түүхийг сонордуулж, уран бүтээлээ толилуулан, дурсамжтай сайхан агшин бүрийг гэрэл зургийн хальснаа буулгана.    

Мөн энэ үеэр хүн төрөлхтний хосгүй өв, түүх Дэл уулын дэлгэмэл зургийн галерейтэй танилцах аялал зохион байгуулж, галын наадам, язгуур урлаг, “32 хүний хадны зургийн дурсгалт тойрон бүжиг” хийх аж.

Дэл уулаас архиеологчид МЭӨ 2000 жилийн тэртээгээс улбаалсан 3000 гаруй хадны сүг зураг, эртний хүмүүсийн оромж, 20 орчим дөрвөлжин булш, руни бичгийн дурсгалыг нээн илрүүлжээ.

Сэтгэшгүй оддын чуулганд 100 зочныг хүлээн авах ба энэхүү аялалд оролцох хүсэлтэй иргэд 77091235, 77091232 утсаар болон gobicaravanserai@gmail.com хаягаар холбогдох боломжтой. 

Related news