Ээжүүд "Охидод зөвлөе" аянд нэгдэж, 25 охинд амьдралын гэрэл гэгээ бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-03 13:38:42
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дундговь аймаг дахь салбараас "Охидод зөвлөе" аяныг нэг сарын хугацаанд хэрэгжүүлэв.

Тус үйл ажиллагаанд 25 ээж сайн дураараа оролцож, хайр, халамж хэрэгцээтэй 25 охинтой ойртож дотносон тэднийг сонсож, зөвлөж, ярилцаж, хайрлаж, амьдралын гэрэл гэгээ, сайхан бүхнийг бэлэглэж чадлаа.

Нэг сарын хугацаа урт ч гэлээ ингэж бусдад хайр, халамжаа зориулж, охидыг хүсэл мөрөөдөлтэй, гэгээн тэмүүлэлтэй болгон өөрчлөхөд бага хугацаа аж.

Тэд энэ хугацаанд 6-18 насны 25 охинтой ойртон дотносож, усанд оруулж, багш, эцэг эх асран хамгаалагчидтай нь уулзаж, сэтгэл зүйчтэй ярилцуулж, зөвлөж, хоцорсон хичээлээр нь давтлага өгүүлж, дуртай секц дугуйланд нь бүртгүүлж, мэргэжлээ сонгоход нь тусалж, бизнес санааг нь хөгжүүлж, найз нарынхаа дунд болон бусдад өөрийгөө илэрхийлэх чадамжтай болгожээ.

Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга Ж.Өлзийжаргал үр дүнгийн уулзалтын үеэр "Эдгээр хүүхдүүдийн харц нь гэрэлтэж байна, анх ирснээсээ хойш бүх зүйл өөрчлөгдөж, эд нар маань итгэлтэй, баяр жаргалтай болжээ. Хүүхдэд хайр халамж, урам, сэтгэл ямар их хэрэгтэй байдаг, түүнийг нь өгөхөөр хүүхэд ямар амархан сэргэж, цэцэглэдгийг харлаа.

Өөрийнхөө хүүхдүүдээс дутахааргүй хайрлаж, халамж анхаарал тавьж, охидод амьдралын гэрэл гэгээг бэлэглэсэн эхчүүддээ маш их баярлалаа. Цаашдаа ч та нар маань нэгэнт бий болсон сэтгэлийн энэ нандин холбоогоо таслахгүй, уулзаж, санаа тавих байх гэж бодож байна. Эхчүүддээ дахин дахин баярлалаа" гэлээ.

Сайнцагаан сумын 5 дугаар цэцэрлэгийн арга зүйч С.Цэнгэлсүрэн охиноо хүлээж аваад багштай нь болон эгчтэй нь ярьж, хүүхдээ бүрэг, ичимхий, дуу цөөтэй гэдгийг тодорхойлсны үндсэн дээр жүжгийн дугуйлангийн багштай уулзуулсан бөгөөд хөгжим дарах сонирхолтойг нь мэдэрч, цэцэрлэг дээрээ ирүүлж, хөгжмийн багштайгаа уулзуулан авьяасыг нь нээжээ.

Мөн Солонгос улсын ATOMY компанитай холбогдож, сургалтад суулгаснаар тус компани охинд нь туслахаар болжээ. Цаашдаа ч мөн охины хэрэгцээг нь тодорхойлж, туслахаа илэрхийлсэн бөгөөд тэрээр солонгос хэл сурах зорилготой болсон байна.

Политехник коллежийн багш Г.Ганжаргал математикийн багш, өөрөө гар урлал хийх сонирхолтой бөгөөд дааж авсан охинтойгоо “Талх, талхаа барих аргатай нь...” /гараар нь хийж сургах/ гэсэн зарчмаар ажиллаж, гар урлалд сургах, гарааны материалаар ханган өөрөөр нь бүтээгдэхүүн хийлгэх, түүнийг нь борлуулах, орлогоо зөв зарцуулж сурах зэрэг ажлыг төлөвлөн хэрэгжүүлж, охин дэрний уут оёж сурчээ. Ганжаргал цаашдаа охиныхоо энэхүү бизнесийн санааг нь хөгжүүлж, амьдралаа аваад явах чадвартай болгохоор зорьж буйгаа илэрхийлээ.

Ж.Цэнгэлмаа гэрээр бага ангийн сурагчидтай ажилладаг. Охинтойгоо зөвхөн сарын хугацаанд ч биш цаашдаа байнгын холбоотой байх зорилгоор ээж ааваас нь зөвшөөрөл авсан гэдгээ танилцууллаа. Тэрээр өөрийн дааж авсан охиндоо ХАС банканд “Ирээдүйн саятан” хадгаламж нээлгэн, цаашид өөрийнхөө охиноор солонгос хэл заалгаж, 12 дугаар анги төгсөхөд нь солонгос, англи хэлтэй болгох зорилт тавьжээ.

Бүх ээж охидтойгоо төлөвлөгөө гаргаж, болзож, өөрийнхөө ажил, мэргэжилтэй танилцуулж, хичээлд нь сууж, тэднийг сонсож, олон зүйлийг анх удаа хамтран хийж, бэрхшээлийг нь тодорхойлж, түүнийг нь шийдвэрлэх гэж хичээж, мэргэжлээ сонгоход нь тусалж, бүжиглэх, ном унших, хөгжимдөх, зурах авьяасыг нь хөгжүүлэх эхлэлийг тавьж, өдрийн тэмдэглэл хөтлөх, өдөр тутмын санхүүгээ зөв зарцуулахад нь чиглүүлж, нэг сарыг хамтдаа ийнхүү үр дүнтэйгээр өнгөрүүлсэн байна. Аянд хамрагдсан хүүхдүүд ирээдүйд тогооч, шүдний эмч, сэтгүүлч, бага ангийн багш, гоо сайханч, оёдолчин зэрэг мэргэжилтэй болохоор зорилгоо тодорхойжээ.

Эхчүүд бүгд ажилтай, өөрийн гэсэн амьдралтай, үр хүүхэдтэй хүмүүс. Гэхдээ тэдний бусдад туслах гэсэн сайхан сэтгэл 25 охинд итгэл найдвар, амьдралын гэрэл гэгээ асааж, Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр, хүүхдийн баяраар ийнхүү юутай ч зүйрлэшгүй сэтгэлийн бэлэг барьжээ.

Хүүхдүүд “анхнаасаа ээж нартайгаа уулзахад биднийг маш сайхан хүлээж авсан, их сайхан эерэг энергиэр хандсан, маш их зүйлийг сурсан, олон зүйлийг анх удаа хамтдаа хийсэн, санаанд оромгүй олон бэлэг ээж нараасаа авсан, эмэгтэй хүн ямар байх ёстой, яагаад зорилготой, тэмүүлэлтэй байх ёстой вэ гэдгийг ухаарсан, олон сайхан найзуудтай, өөртөө итгэлтэй болсон” гэх мэтээр баярласан сэтгэгдлээ хуваалцаж, ийнхүү дахин нэг ээжтэй, эгчтэй, багштай болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн юм. 

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Жавзмаа, Улаан загалмай хорооны дарга Г.Жавзандолгор, Боржигон мандал өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ө.Нямсүрэн, "Smile" гоо сайхны салоны эзэн Э.Ууганцэцэг, Х.Доржханд, бизнес эрхлэгч П.Сүрэнчимэг, С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн төв номын сангийн ажилтан Э.Үүрийнтуяа, Политехник коллежийн багш Г.Ганжаргал, 5 цэцэрлэгийн арга зүйч С.Цэнгэлсүрэн, гэрийн багш Ж.Цэнгэлмаа, Тансаг сонголт урлангийн оёдолчин Б.Долгорсүрэн. Тояа Хүүхэд Хөгжлийн академийн салбарын захирал, Б.Бадамханд, Татварын хэлтсийн ажилтан Б. Туул, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн их эмч С.Золжаргал, 6 дугаар цэцэрлэгийн багш С.Насанжаргал нарын 25 эх сайн дураараа оролцжээ.

Related news