Тээврийн жолоочийн хурдыг алсын зайнаас хянана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-17 16:39:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


ЗТХЯ-наас гадаад худалдааны эргэлтийг нэмэх, автотээврийн салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсад мөрдөгдөж буй эрх зүйн хэм хэмжээг хүлээн зөвшөөрөх, Монгол Улсын тээвэрчид, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалахын тулд  олон улсын байгууллагуудаас зөвлөмж болгосон гэрээ, хэлэлцээрт нэгдэхээр ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд Засгийн газраас НҮБ-ын олон улсын тээврийн хэрэгслийн жолоочийн ажил, амралтын горимыг мөрдөх, хөдөлмөрийн нөхцөлийг хангах “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр (AETR)”-т нэгдэн орохоор хуулийн төслийг боловсруулжээ.


Уг хэлэлцээрт нэгдсэнээр, олон улсын болон үндэсний хэмжээнд ачаа тээвэрлэж буй жолооч, тээвэрчдийн ажил, амралтын дэглэмийг мөрдөх, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, тээвэрлэлтэд олон улсын жишигт нийцсэн техник технологи ашиглах, Монголын тээвэрчид дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ гэдгийг салбарын сайд онцолсон юм. Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хамт Автотээврийн тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нар асуулт асууж, үг хэлэв.  Гишүүд хэлэлцээрт нэгдсэнээр автомашинд суурилуулах хяналтын төхөөрөмжийн үнэ өртөг, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг тодруулв. Мөн дотоодын тээвэрчдэд автомашиндаа хяналтын төхөөрөмж суулгах шаардлага тавих эсэхийг илүүтэй лавлаж байлаа. 


ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд,  "Хэлэлцээрт нэгдэж дижитал хяналтын төхөөрөмжийг олон улсын тээвэр хийх машин бүрд суулгаснаар тухайн жолооч хэдэн цаг машин жолоодож, хэдэн цаг амарч, хэр хурдтай давхисан зэргийг нь алсын зайнаас хянана. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон Автотээврийн тухай хуульд ийм зохицуулалт байхгүй тул хяналтын асуудлыг хуулийн төсөлд нэмж оруулсан" хэмээв. Мөн тэрбээр, 2010 оноос хойш үйлдвэрлэсэн автомашинуудад ийм хяналтын төхөөрөмж бий. Хэрэв төхөөрөмжгүй бол худалдан авч, машиндаа суурилуулах шаардлага тавина. Энэ төхөөрөмж 40-400 ам.долларын үнэтэй байдаг бөгөөд олон улсын конвенцод нэгдэхэд хяналтын төхөөрөмжийг зайлшгүй суулгахаас өөр аргагүй гэж байлаа. Түүнчлэн олон улсад тээвэр хийх машиныг Автотээврийн үндэсний төв алсын зайнаас нэгдсэн удирдлагаар хангаж байгаа тул нэмэлт зардал гарахгүй аж.


ЗТХ-ийн сайд Л.Халтар, "Дотоодын тээвэрлэгчдэд ч хяналтын төхөөрөмж суулгаж, конвенцыг мөрдүүлнэ. Ялангуяа алсын тээвэр хийж байгаа жолооч нар ажил, амралтын дэглэм мөрддөггүй нийтлэг дутагдалтай. Тиймээс тэдний хөдөлгөөний аюулгүй байдал болон тээвэрлэж буй ачааны бүрэн бүтэн байдлыг хангахын тулд хяналтын асуудлыг үе шаттайгаар шийднэ" гэлээ.


Ингээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийн талаарх УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, С.Бямбацогт нараас гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Related news