Банкууд 430-580 тэрбум төгрөгийн хувьцааг олон нийтэд санал болгох тооцоо гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-12 12:51:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.


Төслийг ХНХ-ын сайд А.Ариунзяа танилцуулсан. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 29-нд баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд 2022 оны 6 дугаар сарын 30-нд багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 3-ны 5 дугаар тогтоолоор системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн гэдгийг танилцуулгын эхэнд онцоллоо.


Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг дагасан үнийн өсөлт, сүүлийн үед олон улсад бий болсон цэрэг улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалан цаашид эдийн засаг, санхүү, төсвийн нөхцөл байдал хүндэрч, хөрөнгө оруулалтын орчин эрсдэлд орох хандлагатай байна. Системд нөлөө бүхий банкууд 430-580  тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцааг олон нийтэд санал болгох урьдчилсан тооцоо гарчээ. Богино хугацаанд буюу IPO хийх хугацааг хэт ойр тогтоож хэрэгжүүлэх нь хөрөнгийн зах зээл дээр банкны үнэлгээ буурах эрсдэлийг дагуулж болзошгүй байгаа аж. Иймп банкуудын хувьцаагаа анхдагч зах зээлд олон нийтэд нээлттэй гаргах хуулийн хугацааг сунгах тухай УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны саналыг Засгийн газар дэмжиж, сунгах нь зүйтэй гэж үзсэн байна.


Банкууд IPO гаргах нь тус салбарт хийх том шинэчлэл гэдгийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хэлэлцүүлгийн үеэр онцлоод уг ажлыг зогсоож болохгүй хэмээв. 


Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Банкуудын үйл ажиллагааны хэлбэр нь ХХК байдаг. Олон нийтэд нээлттэй хувьцаат компани руу шилжүүлэх хуулийн хугацаа сар хагасын дараа буюу ирэх сарын 31-нд дуусна. Богино хугацаанд системийн нөлөө бүхий таван том банк зэрэг хувьцаагаа олон нийтэд санал болгож зэрэг явах нь хувьцааны үнэ ханшид нөлөөлөхөөр өрсөлдөөн бий болно. Тиймээс IPO хийж дуусах хугацааг ирэх оны зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгаж буй юм. Тэгэхээр бэлэн болсон банкууд IPO зарлаад явчихаж болно” гэлээ.


Аливаа хуулийг батлаад нэг жил болоогүй байхад дахин өөрчлөлт оруулдаг байж болохгүй гэдэг байр суурийг УИХ-ын гишүүн Т.Аубакир илэрхийллээ. Мөн УИХ-ын баталсан хууль судалгаа шинжилгээтэй, оновчтой байх ёстой хэмээсэн юм. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.1 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороод шилжүүллээ.

Related news