Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлгийг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-12 11:11:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлгийг түр хойшлуулав.


Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд яам, агентлаг болон нутгийн захиргааны байгууллагаас нийт 643 төсөл хэрэгжүүлэх санал ирүүлсэн бөгөөд нийт 41.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж. Эдгээр саналыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлага болон төлөвлөлтийн арга зүйг баримтлан хянаж, 18 зорилго бүхий 75 багц ажил хэрэгжүүлэхээр төсөлд байна. Төсөлд тусгасан ажлыг хэрэгжүүлэхэд 15 их наяд 137 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 887 тэрбум 663 сая төгрөг,  гадаадын зээл, тусламжаар 1 их наяд 646 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 420 тэрбум төгрөг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 6 их наяд 34 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4 их наяд 197 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 951 тэрбум 458 сая төгрөгийн санхүүжилтийг хийхээр төлөвлөсөн гэдгийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа танилцуулав.


Төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг, “Энэ асуудлыг хариуцсан Эдийн засгийн хөгжлийн сайд, дэд сайд чуулганд оролцоогүй тул түр хойшлуулах хэрэгтэй” гэсэн санал гаргасан юм. Ийнхүү хэлэлцүүлгийг түр хойшлуулав. Чуулганаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Related news