Ирэх онд 75 багц ажлыг 15.1 их наяд төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-10 19:44:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцэж, дэмжлээ.


Төслийг Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр, "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд яам, агентлаг болон нутгийн захиргааны байгууллагаас нийт 41.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдсан 643 төслийн санал ирүүлсэн. Эдгээр саналыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлага болон төлөвлөлтийн арга зүйг баримтлан хянаж, тогтоолын төслийг боловсрууллаа. Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, иргэн төвтэй хөгжлийг дэмжсэн засаглалын бодлого, ногоон хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах бодлого, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн таван үндсэн хүрээнд хэрэгжүүлэх 18 зорилго, 75 багц ажил тусгасан байна. Ингэхдээ тус бүрийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт, хэмжих нэгж, суурь болон зорилтот түвшин, санхүүжилтийн эх үүсвэр, хариуцах байгууллагыг тооцлоо. 2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны зорилт, ажлыг хэрэгжүүлэхэд 15 их наяд 137 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 887 тэрбум 663 сая төгрөг,  гадаадын зээл, тусламжаар 1 их наяд 646 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 420 тэрбум төгрөг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 6 их наяд 34 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4 их наяд 197 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 951 тэрбум 458 сая төгрөгийн санхүүжилтийг хийхээр төлөвлөсөн" гэлээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ж.Ганбаатар нар өмнөх оны төлөвлөгөөний хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийсэн эсэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орлого нэмэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ямар бодлого хэрэгжүүлэхийг тодрууллаа.


Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан хариултдаа, 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдтэй уялдуулахын зэрэгцээ өмнөх жилүүдийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлсэн. Илүү цэгцтэй томьёолж оруулж ирсэн. Тухайлбал, Монгол Улсын хөгжлийн 2021 оны төлөвлөгөө Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 15 хувь, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 19 хувь, 2022 онд үндсэн чиглэлийн 38 хувь, мөрийн хөтөлбөрийн 42 хувь, 2023 онд үндсэн чиглэлийн 63 хувь, мөрийн хөтөлбөрийн 67 хувьд тус тус хүрнэ гэж тооцож, төлөвлөлтөө хийсэн. Мөн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний дагуу 75 ажил хэрэгжүүлнэ. Энэ бүгд иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэхэд чиглэж байна. Түүнчлэн “Эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр”-ийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжинэ" гэлээ.


Ингээд уг төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжиж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Батлут танилцуулах болов.


Мөн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 25-нд өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийн хэлэлцэж дэмжлээ. Төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав.


Тэрбээр, “2015 оны 07 дугаар сарын 03-нд “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолыг баталсан. Энэ тогтоолын дагуу 20 гаруй төрийн өмчит компанийг хувьчлах шийдвэр гарсны дотор Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өртэй нь хувьчлах заалт орсон. Төрийн өмчийн хорооноос тус үйлдвэрийг 2011 онд 10 жилийн хугацаатай концессын гэрээгээр “Бейсмент” гэдэг компанид шилжүүлсэн. 2021 онд гэрээний хугацаа дуусах байсан ч 2015 онд өртэй нь хувьчлах шийдвэр гарсан. Энэ бол Концессын хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Авлигатай тэмцэх газраас энэ оны гуравдугаар сарын 22-ны 32 дугаар “Мөрдөгчийн мэдэгдэл”-ийг Засгийн газарт ирүүлсэн. Уг мэдэгдэлд “Хөтөлийн цемент шохой” ТӨХК /хуучнаар/-ийн хувьчлалыг хэрэгжүүлэхдээ “Бейсмент” ХХК-д давуу байдал бий болгон хууль зөрчсөн учраас гаргасан алдаа дутагдлаа залруулахыг сануулсан. Иймд Засгийн газраас нөхцөл байдлыг судалж үзсэний дагуу “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор  "2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт"-аас “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлах заалтыг хасаж, уг хувьчлалыг  тодорхой үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзээд хүчингүйд тооцож зохих арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. Ингээд "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ийн “4.17.”Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах” гэснийг хасах саналыг УИХ-д оруулж байна” гэлээ.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Даваасүрэн нар анх 41 тэрбум төгрөгөөр хувьчил, одоо 295 тэрбум төгрөгийн өртэй болсон үйлдвэрийг буцааж авах нь зүйтэй эсэхийг тодрууллаа.


Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хариултдаа, “Концессын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т концессын гэрээний хугацаанд концессын зүйлийг хувьчлах шийдвэр гаргахыг хориглосон байдаг. Тухайн үед төрийн эзэмшлийн 11.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үйлдвэрийг 1.4 тэрбум төгрөгөөр хувьчилсан. 41 тэрбум төгрөгийн хувьд үлдсэн мөнгө нь хуримтлагдсан өрийг төлөх нөхцөлтэй байсан. Гэтэл хуульд заасан хугацаанд өр төлбөрийг төлөөгүй байсан. “Бейсмент” ХХК нь үйлдвэрийн техникийг шинэчлэх нэрийдлээр 61.3 сая ам.долларын зээл авсан байдаг. Энэ зээлийн төлөлт хийгдээгүй. Өнөөдрийн байдлаар зээлийн хүү, алданги, ханшийн зөрүү зэргээс үүдэн өрийн хэмжээ 326 тэрбум төгрөгт хүрсэн. Өмч хувьчлалыг хууль зөрчиж хийсэн нь нотлогдож байгаа учраас хувьчлалыг буцаах шийдвэр гаргаж байна” хэмээн дурдав.


Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараагаар санал хураахад төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.

Related news