Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-10 09:41:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль ирэх сарын 19-ний ням гарагт болно.


Тодруулбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн 54 тойрог буюу аймгийн хурлын төлөөлөгчийн 4, сумын хурлын төлөөлөгчийн 45, дүүргийн хурлын төлөөлөгчийн 2 тойрогт нөхөн, аймгийн 1, сумын Хурлын төлөөлөгчийн 1 тойрогт дахин сонгууль зохион байгуулах юм.


Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулиас хойш 32 төлөөлөгч нас барж, 8 төлөөлөгч төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон байна. Мөн 7 төлөөлөгч тухайн орон нутгаас шилжин явсан бол 1 төлөөлөгч УИХ-ын гишүүнээр сонгогдож, зургаан тойрогт шүүхийн шийдвэрээр нөхөн сонгууль явуулах болжээ.


Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” хэмээн заасан байна.


Нөхөн болон дахин сонгуулийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Related news