Монгол Улс жил 10 мянган тонн ноолуур экспортолж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-05 18:18:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэлэлцэв.

Уг тогтоолд ноос, ноолуурын салбарт нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэх ажил хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ. Энэ хүрээнд ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай нэмэн, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, 2023 оноос хялгас ялгаснаас дээш боловсруулалт хийж чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг экспортлох, үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталж мөрдүүлэх, мөн хялгас ялгахаас дээш боловсруулалт хийх зориулалттай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортын нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг даалгажээ.


Түүнчлэн хялгасыг ялгасан ноос, ноолуур, хөөвөр болон ээрмэл утас, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бага хүүтэй, урт хугацаат, хөнгөлөлттэй зээлийг олгоход шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх, малчны бэлтгэж, боловсруулах үйлдвэрт тушаасан сарлагийн хөөвөр, торомны ноосны чанараас хамааруулан мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхийг үүрэг болгосон байна. Мөн байгаль орчинд ээлтэй, тогтвортой бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэхтэй холбоотойгоор бүтээгдэхүүнийг баталгаажуулах хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторийн хүрээг өргөтгөн олон улсын түвшинд хүргэх асуудлыг тусгажээ.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Д.Тогтохсүрэн, Д.Ганбат, Н.Энхболд нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.


Гишүүдээс ноолуурын боловсруулалтын түвшинг нэмж, 2023 оноос самнаж боловсруулсан ноолуурыг экспортоор гаргахад тус салбарт шаардлагатай эргэлтийн болон үндсэн хөрөнгийн санхүүжилтийн дэмжлэгийн талаар тодрууллаа. Мөн сарлагийн хөөвөр, торомны ноос бэлтгэхэд урамшуулал олгох, ноос, ноолуурын эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс татвар, зээл, санхүүгийн бодлогоор дэмжих эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх хэрэгтэйг хэлж байв.


ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хариултдаа, “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолд ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийн салбарт 200 тэрбум төгрөгийн 1 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэсэн. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор арилжааны зургаан банктай гэрээ байгуулан хамтран ажилласнаар ноолуурын салбарт 38 аж ахуйн нэгжид 94.8 тэрбум, ноосны салбарт дөрвөн аж ахуйн нэгжид 3.2 тэрбум төгрөгийн зээл олгогдож, зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 7.65 хувиар тооцон, ХХААХҮ-ийн сайдын багцаас 2021 онд 3.2 тэрбум, 2022 оны эхний 3 сарын байдлаар 1.6 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад шилжүүлээд байна. Мөн Засгийн газраас 2022 онд ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөг, ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөг, арьс шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, улсын төсвөөс 10.65 хувийн хүүгийн хөнгөлөлттэй нөхцлөөр арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам болон Монголбанкны хооронд 3 талт “Хөдөө аж ахуйн зээлийн хүүгийн дэмжлэгийн санхүүжилтийн гэрээ”, арилжааны 8 банктай “Зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээ”-г тус тус байгуулан аж ахуйн нэгжүүдэд зээл олгох ажлыг эхлүүлээд байна” гэлээ.


УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Ганбат нар ноолуурын үнийг тогтворжуулж, малчдын орлогыг нэмэх хэрэгтэйг сануулахыг зэрэгцээ ноос, арьс ширний үйлдвэрлэлийг дэмжих цогц бодлого хэрэгтэй байгааг хэллээ. 


Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, “Тогтоолыг баталснаар малчдын орлогыг бодитоор нэмэх, ноолуурын үнийг тогтворжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлоход чухал ач холбогдолтой. Одоогийн байдлаар жилд 10 мянган тонн орчим ноолуурыг экспортод гаргаж байна. Энэ тогтоолын хүрээнд зөвхөн самнасан ноолуурыг экспортод гаргаж, дотооддоо нэмүү өртөг шингээхийг зорьж байна. Ингэснээр 500 сая ам.долларыг экспортоос олох боломжтой болно. Түүнчлэн мэргэжлийн холбоод, салбарын яамтай хамтран 2025 оноос хойш самнасан ноолуурын 50 хувийг дотооддоо үйлдвэрлээд бэлэн бүтээгдэхүүн болгож гаргахаар төлөвлөсөн. Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортод гаргавал нийт дүнгээрээ 1.2 тэрбум ам.долларын орлого олох бололцоотой. Нөгөө талаар тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай" гэлээ.


Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 55 хувь нь дэмжиж, тогтоолын төслийг батлав.

Related news