Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд тариаланчидтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-08-02 14:57:10

Намрын их ажил ,өвлийн бэлтгэлээ базааж байгаа энэ өдрүүдэд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн салбарынхантайгаа уулзаж байна.

Тэрээр өнөөдөр тариаланчдын төлөөлөл болох Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны гишүүдийг хүлээн авч уулзан санал солилцлоо.

Уулзалтаар Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг, “Салбараа мэддэг, тариаланчдын жаргал зовлонг сайн ойлгодог сайдтай болсондоо баяртай байна. Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 320-350 мянган тонн хүнсний улаан буудай шаардлагатай.Тариаланчдын өмнө тулгамдсан асуудал олон байгаа ч хамгийн гол санал нь дотоодын хэрэгцээнд шаардлагатай улаанбуудайг улс тариаланчдаасаа худалдан аваад байх тохиолдолд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх байдлаар ажиллаж байгаа тариаланчид хөл дээрээ зогсох боломжтой" гэв.

Мөн тариаланчид банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгө нэхдэг, зээл авах нөхцөл байдаггүй. Үнэндээ хэдэн трактор комбайнаас өөр барьцаалах хөрөнгө байхгүй ийм үед тариалангийн газраа өмчлөх, эргэлтэнд оруулах боломжийг эрэлхийлэх нь чухал хэмээн онцлов.

Салбарын сайд П.Сэргэлэн намын мөрийн хөтөлбөрт багтсан үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжих бодлого барьж, хамтран ажиллах боломжтой гэдгийг хэллээ.

Б.Заяа

 

Related news