Ө.Ганбаатар: Хоршоо нь дамжуулан борлуулагч тул бүтээгдэхүүнд татвар ногдуулахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-04-19 11:17:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” гэж зарласан. Хоршоог хөгжүүлэхэд хэрхэн анхаарч, ямар ажил хийж байгаа талаар Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны Хоршооллын хөгжлийн хэлтсийн дарга Ө.Ганбаатартай ярилцлаа.


-Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар баталж, 2022 оны 1 дүгээр сарын нэгнээс хэрэгжүүлж эхлээд байгаа. Хоршоо хөгжихөд хөшүүрэг дэмжлэг болох ямар зүйл, заалт шинээр оруулсан бэ?

Хэд хэдэн чухал нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайлбал, хоршоо хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулахад дундын өмч гэдэг утгаараа захиран зарцуулах, зээл авах, хөрөнгө оруулалт татахад дутагдалтай байв. Хоршооны бүх гишүүн гарын үсэг зурснаар хөрөнгийг нь эргэлтэд оруулах боломжтой байсан. Гэтэл 1 хоршоо 100-500 гишүүнтэй, тархан суурьшсан малчдаар гарын үсэг зуруулж, иргэний үнэмлэхний хуулбар цуглуулах боломжгүй. Тэдний ганц нэг нь зөвшөөрөхгүй бол банк зээл олгохгүй байсныг шинэ хуулиар хөрөнгөө барьцаалах, ашиглах, зээл авах, эдийн засгийн эргэлтэд оруулахыг зохицуулж өгсөн байгаа.


Хоршооны эрх, үүргийг тодорхойлж, хоршоо бие даасан шийдвэр гаргах эрхтэй болсон. Удирдлагын түвшинд төлөөллийн зарчимтай, дарга, хяналтын зөвлөлтэй. Тэргүүлэгчид өдөр тутмын үйл ажилагааг зохион байгуулж, гишүүд эзгүй үед төлөөлөх, хяналтын зөвлөл тэргүүлэгчдийн үйл ажиллагааг хянах эрхтэй. Мөн бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн. Хоршооны тэргүүлэгчид, хяналтын зөвлөл ямар үүрэг, хариуцлага хүлээх, яаж ажиллах, хэрхэн хянахыг тодорхой болгосон. Бүх гишүүний хурлыг 60 хувь бүрдсэнээр хүчин төгөлдөрт тооцож байсныг 51 хувь болгосон. Хоршооны гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг журамд тусгаж, бүх гишүүдийн хурлаар зохицуулах юм.


Сангийн яамны журмаар 1 гишүүний нийлүүлэх хөрөнгийн хэмжээг хоршооны хөрөнгийн 20 хувиас ихгүй гэж зохицуулж ирсэн. Нэг гишүүний хөрөнгийн хэмжээ хэт их байх нь тэгш байх зарчмыг алдагдуулах сул талтай тул хуульд хөрөнгийн 15 хувиас хэтрэхгүй гэж зааж өгсөн. Мөн харьяа яам, мэргэжлийн холбоо яаж ажиллаж, үүрэг хариуцлагыг тусгасан зэргээр хоршоог дэмжих бүрэн боломжтой болчихоод байгаа.


Түүнчлэн, хоршоо бусад аж ахуйн нэгжтэй адил НӨАТ төлдөг байсан бол зуучлан борлуулсан үйл ажиллагааны орлогыг НӨАТ-аас чөлөөллөө. Хоршоо нь дамжуулан борлуулагч тул бүтээгдэхүүнд нь татвар ногдуулахгүй. Гишүүдийнхээ малын ноос ноолуур, арьс ширийг дамжуулан борлуулдаг учир ашиг төвлөрөхгүй шүү дээ. Гол нь нэгдсэн зохион байгуулалтад орж байгаа юм.


-Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг манай нөхцөлд алслагдсан малчид хоршиж ажиллах боломж хэр байдаг бол, хоршиж нэгдсэнээр ямар давуу тал бий болгож байна вэ?

Малчид тархан нутагласнаараа нийгмийн харилцаанд орж чадахгүй, түүхий эдээ үнэгүйдүүлдэг. Сүүлийн 30 жил ченж гол ашиг хүртэгч нь байлаа. Хоршиж ашиг сонирхлоорооо нэгдсэнээр нийгмийн харилцаанд орж, үнэн бодит мэдээлэл шуурхай авч, бүтээгдэхүүнээ хоршоогоороо борлуулж, ашиг хүртэхээс гадна бэлчээрийн нэгдсэн зохион байгуулалтад орох боломжтой. Нутаглаж буй газар, хоорондын харилцаа, үйл ажиллагааний чиглэл, амьдралын онцлогоос хамаарч хорших нь чухал шүү дээ. Тухайн орон нутгийн иргэдийн хурлаар баталдаг газрын төлөвлөлтөд саналаа хэлж, бэлчээрээ зохицуулах, өвөлжөө рүүгээ малаа оруулахгүй байх зэрэг газар зүйн зохион байгуулалт хийх боломжтой. Хоршиж байж л бэлчээрээ сайжруулна. Тус тусдаа байх тусам бэлчээрийн асуудлыг шийдэхэд бэрхшээлтэй, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үнэ цэнтэй болгоход чадал хүрэхгүй. Хоршооны хэмжээнд сүүгээ боловсруулах, түүхий эдээ тодорхой хэмжээнд ангилан ялгаад хэдэн төгрөг нэмж зарах гэдэг утгаараа ач холбогдолтой. Малын тоо олширсноор нэгнийхээ бэлчээрээс малыг нь хөөж, муудалцах болсон. Иймд бие биенээ гэсэн эерэг харилцаатай болох, нийгэмших, харилцан ойлголцож нэгдэн асуудлаа шийдэх, зохион байгуулалтад орох нь чухал юм. Малын үүлдэр угсааг сайжруулах нь нэг малчны бус нийтээрээ анхаарах асуудал. Ингэснээр тухайн бүс нутгийн малын үүлдэр угсаа чанар сайжирна.



-Нэгдсэн зохион байгуулалтад орсноор хэрэглэгч бүтээгдэхүүнээ малчны гараас нэмэгдэлгүй үнээр авах, ченжийн тогтолцоог халах боломж бий юу?

30 жил ноёрхсон энэ системтэй өрсөлдөхийн тулд харилцаа, хөрөнгө санхүү, үйл ажиллагаагаа ченжийн түвшинд хүргэх ёстой. Манай хоршоод чадамжийн хувьд одоогоор тэр түвшинд хүрэхгүй. Нэгдэж нийлэн зохион байгуулалтад орсон цөөн хэдэн жишиг хоршоо бий. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын малчдын “Хөвдэлгэр” хоршоо сумынхаа түүхий эдийн ихэнхийг дамжуулан борлуулдаг тул ченжийн үйл ажиллагааг хумьсан. Мөн Дарви сумын “Буян-Ундрал” улсын тэргүүний хоршоо нэгдлийн үеийн улбаагаа алдахгүй, өөрчлөгдөн сайжирч явсаар орон зайдаа ченж оруулахгүй байх жишээтэй. Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам” хоршоо зөв менежмент зохион байгуулалттай ажиллан ченжийг ерөнхийдөө халж байна. Хоршоо бол миний өмч гэдгийг малчдад ухамсарлуулчихаар үйл ажиллагаа нь жигдрээд ченжийн оролцоо хумигдах юм. Харамсалтай нь улсын хэмжээнд одоохондоо бүгд ийм биш.


-Сайн жишиг гэсэн хоршоод ямар чиглэлд түлхүү нэгддэг вэ, хоршооны хөгжлийг дэмжих жилийн хүрээнд ямар ажил хийж байгаа вэ?

Малаас гарч буй түүхий эд, арьс шир, ноос ноолуураа борлуулахад ихэвчлэн хоршиж байна. Түүхий эд бэлдэж буй хоршоод тодорхой хэмжээгээр мах бэлтгэдэг. 


Ардын аж ахуйтны хоршоо байгуулснаас хойш янз бүрийн хэлбэрээр хөгжин 100 жил болжээ. Хоршооны тухай хуулийг шинэчлэн найруулж, Засгийн газраас олон ажил хийснийгээ баталгаажуулж, 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа. Юун түрүүнд, 21 аймгийн ХХААГ-аас хоршоодын үнэлгээ, улсын үзлэг зохион байгуулж байна. Ингэснээр хоршоо ямар түвшинд байгаа, дотоод үйл ажиллагаа, чадамжийг тодорхойлно. Улсын хэмжээнд 4400 хоршоо бий гэдэг ч хэд нь идэвхтэй, ажиллахгүй байгаа, аль хоршоог дэмжих зэрэг суурь судалгаа, мэдээлэл гаргана. Хоршооны хуулиар энэ үнэлгээг 2 жил тутам хийнэ. Хоршоо хөгжүүлэхэд аль төрлийн хоршоог дэмжих, идэвхгүй байгааг нь цэгцлэх, ангилах нь чухал байгаа. Ингэснээр хоршооны нэр хүндийг тогтвортой байлгах юм.


Хууль баталснаас хойш жилийн дотор хоршоо бүр шинэчилсэн бүртгэлтэй болох ёстой. Дүрэм журам өөрчлөгдсөн тул бичиг баримтыг бүртгэж, одоо байгаа дүрэм, журмаа хуультайгаа нийцүүлж өөрчлөх юм. Бүртгэлийг 5 дугаар сарын 6 гэхэд дуусгана. ХХААХҮЯ, УБЕГ, мэргэжлийн холбоодтой зөвлөн, ямар түвшинд бүртгэх зарчмаа гаргасны дагуу хоршоог бүртгээд дуусаж байна.


-Хуулийн талаарх мэдээллийг хөдөө хотонд байгаа малчинд хүргэх, сурталчлан таниулах чиглэлээр яаж ажиллаж байна вэ?

Хоршоод мэдээлэлгүйгээс өөрсдөд нь бий болсон боломж, давуу байдлаа эдэлж чадахгүй байх магадлалтай тул олон талаар сурталчилна. Малчид, орон нутаг руу чиглэсэн болон орон нутгийн телевиз, сэтгүүлээр мэдээлэл хүргэнэ. Мөн хууль сурталчлах, дамжуулах, сумдын хоршоо хариуцсан тасагт хоршоо, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт байнга хийдэг. Тэд мэдээллийг малчдад хүргэх юм.

Сум хөгжүүлэх санг хоршоо хөгжүүлэх сан болгосон шүү дээ. Хоршоо хөгжүүлэх сангийн журам боловсруулж сумдад хүргэлээ. Хоршоог дэмжиж сангаас зээл олгоно. Орон нутагт байгаа хоршоог дэмжихдээ, сүүлийн 3 жилд идэвхтэй ажилласан байх шаардлага тавьж, өнгөрсөн 3 дугаар сараас зээлээ олгоод эхэлсэн. Ингэснээр мэдээлэлд ойр хүмүүс хоршоо шинээр байгуулж зээл авахаас сэргийлж байгаа юмаа. 


-Малчид хоршиж нэгдсэнээр үйл ажиллагааны зохион байгуулалтад орж байна. Тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлд хэрхэн анхаарч байгаа вэ?

Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо ОУХБ-тай 2020 оны 8 дугаар сард “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ нь малчдын хоршоогоор дамжуулан тэднийг эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдалтыг сайжруулах ажил юм. Завхан аймгийн Идэр, Тэс, Их-Уул, Отгон сумын тус бүр нэг, Дөрвөлжин сумын 2 хоршоог хамруулсан төсөл амжилттай хэрэгжсэн. Жил гаруйн хугацаанд эдгээр 6 хоршоогоор дамжуулж, малчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад анхаарлаа. Цар тахлын үед энэ ажлыг хийх хэцүү байсан ч нийгмийн даатгал огт төлж байгаагүй 56 малчныг хамруулсан. Даатгалаа жигд бус төлж байсан арваад хүнийг байнга төлүүлэх боллоо. Ингэхдээ хоршоогоор дамжуулж, малчдын онцлогт тохируулаад, ноос ноолуур, арьс ширний борлуулалтын улиралтай уялдуудан амьдралд ойр 8 хувилбарыг санал болгосон нь амжилттай байлаа. 


Нийгмийн даатгалд хамрагдах тухайн малчны төлөх шимтгэлийг мал, түүхий эдээр төлөх, түүхий эдийн урамшууллаар нь төлүүлэх, суутгуулан тооцох аргыг амжилттай хэрэгжүүлсэн. Малын чанарыг сайжруулах, удам зүйн хувьд сайн хээлтэгч, хээлтүүлэгчийг хоршооноос авахад үнийг хөнгөлдөг. Ухна авахад зах зээлийн ханш 350 мянга бол хоршоогоор дамжуулбал 250 мянган төгрөгөөр авч, нийгмийн даатгалд 100 мянган төгрөгөө төлөх боломж олгосон. Мөн мал эмнэлгийн үйлчилгээнд тулгуурласан даатгалын төлөлтийг санал болгосон юм. Жил бүр мал эмнэлгийн үйлчилгээг хөнгөлбөл даатгалаа төлөх санал малчдад их таалагдсан. Залуу гэр бүл, амьжиргааны түвшин доогуур малчид санхүүгээ хуваарилахад хүндрэлтэй тул даатгалаа төлж чаддаггүй. Энэ нөхцөлд хоршоо урьдчилаад нийгмийн даатгалыг нь сар алгасахгүй төлөөд, түүхий эдээ зарах үед нийлүүлсэн түүхий эдээс нь суутгах авч болно. Үүнээс гадна эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран малчдаа жилд 1 удаа эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулаад, энэ үеэр мэдээлэл өгч, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулах байсан ч цар тахлын улмаас эмнэлгийн байгууллага хаалттай байсан тул энэ ажлыг хэрэгжүүлж чадаагүй нь харамсалтай. Малчдын амьдралын боломж нөхцөлд нь тааруулж, харилцан бие биенээ нөхөх механизмыг хэрэгжүүлж туршихад дээрх 6 хоршоо маш сайн ажилласан байгаа.



Түүнчлэн, хоршооны дундын сангаас гишүүдэд хэрэгтэй үед нь бага хүүтэй, уян хатан хугацаатай зээл олгодог. Энэ зээл авахад нийгмийн даатгал төлсөн байх нөхцөлийг оруулж өгснөөр төлөлт нэмэгдэнэ. Мөн тавиул малтай, туслах малчинтай иргэд тэдний нийгмийн даатгалыг төлөх тухай тохиролцох нь чухал байгаа. Мянгат малчид гэхэд туслах малчин 2-3 айлын нэг өрхөөс 1 хүний нийгмийн даатгал төлөх боломж бий. Үүний тулд малчны хотонд очиж уулзан, эдгээр санал, аргыг танилцуулж, ирээдүйн эрсдэлээс хамгаалах нь чухал талаар мэдээлэл өгөхөд нийгмийн даатгал төлөх боломжтой гэж ярьж байсан. Үүнээс гадна суманд малчдыг сэдэлжүүлэх аян зохион байгуулах нь үр дүнтэй юм. Аянаар дамжуулсан, мөн ам дамжсан мэдээлэл малчдад хамгийн хурдан, бодитоор хүрдэг тул даатгал төлөх сонирхол  нь нэмэгдэнэ. Энэ мэтээр туршсан 8 арга механзм 13 болж нэмэгдсэнээс 10 нь сайн үр дүн өгсөн. Эдгээрээс малчдыг даатгалд хамруулах боломж байна гэж дүгнэсэн байгаа.


-Нийгмийн даатгал нь амьдралын эрсдэлт үедээ орлоготой байх тухай буюу иргэн бүрд хамаатай асуудал. Малчдын энэ талаарх ойлголт, мэдлэг ямар байна вэ?

Манай малчид эрс тэс цаг агаар, амьдралын хэцүү нөхцөлд байдаг. Малдаа өшиглүүлэх, мориноос унах, чирэгдэх зэрэг өдөр бүр эрсдэл, бэрхшээлтэй тулгардаг ч үүнийг өөрсдөө эрсдэл гэж ухамсарладаггүй. Сайн дурын нийгмийн даатгалд хамрагдсанаар бэртэж гэмтэн, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдолд төрөөс тодорхой хувиар тэтгэмж авна гэдгийг мэдэхгүй нь их. Нийгмийн даатгалыг зөвхөн тэтгэвэр авахаар ойлгодог. Гэтэл осол гэмтэл, эрүүл мэнд, нөхөн олговор, тэтгэвэр гээд өргөн хүрээг хамардгийг өөрсдөө сонирхож ойлгох нь чухал юм. Харамсалтай нь надад хамаагүй, нэг ийм юм ярьж л байдаг, хэдэн мал байхад болно доо гэсэн бодлоор ойлгох сонирхолгүй нь их байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгал нь ирээдүйн үнэ цэн, эрсдэлээс өөрийгөө хамгаалах систем юм. Сэтгэлгээг нь өөрчлөхийн тулд маш сайн ухуулах ёстой. Сургалт явуулах зэрэг албаны байдлаар хэрэгжүүлбэл үр дүнд хүрэхгүй. Даргаас очсон мэдээллийг хүлээж авдаггүй. Малчид нэгнийгээ дагах хандлага элбэг тул малчнаас малчинд дамжсан мэдээлэл хамгийн сайн нөлөөлдөг. Мэдээллийг сайн хүргэх арга нь малчид хоорондоо мэдээлэл солилцох л байгаа юм даа. 

Related news