Олон улсын цахилгаан техникийн комисстой хамтарсан уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-03-03 11:25:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын үндэсний цахилгаан техникийн хороо болон Олон Улсын Цахилгаан Техникийн Комисс (IEC)-ийн Хөгжиж буй оронд зориулсан Түншлэгч хөтөлбөр, Ази номхон далайн бүс нутгийн байгууллага хамтран цахим уулзалт /2022.03.02/ зохион байгууллаа.


Цахилгаан техникийн салбарын стандартчилал, тохирлын үнэлгээний үйл ажиллагаанд түлхэц өгөх зорилготой тус уулзалтад Стандарт хэмжил зүйн газар /СХЗГ/-ын удирдлагууд болон тус олон улсын байгууллагын удирдах ажилтнууд оролцсон байна.


Уулзалтын үеэр уг хөтөлбөрөөс олон улсын стандартчилал, тохирлын үнэлгээний чиглэлээр Монголд үзүүлж буй дэмжлэг, цаашид хөгжүүлэх  боломжийг танилцуулж, харилцан асуулт хариулт өрнүүлсэн байна.


Монгол Улс, Олон улсын цахилгаан техникийн комисс /IEC/-ийн Хөгжиж буй оронд зориулсан Түншлэгч хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж байгаа юм. ОУЦТК /IEC/-ийн үйл ажиллагаа нь техникийн шинэчлэл, үр ашигтай бөгөөд  тогтвортой эрчим хүчний хүртээмж, ухаалаг хот, ухаалаг тээвэр, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах замаар хүн болон байгаль орчны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлдэг.


Тус байгууллага нь гишүүн орнууд болон Түншлэгч хөтөлбөрт хамрагдаж буй орнуудад  бодлого үйл ажиллагаагаа Цахилгаан техникийн үндэсний хороогоор дамжуулан хэрэгжүүлдэг. Монгол Улсад Цахилгаан техникийн үндэсний хороо 2015 онд анх байгуулагдсанаас хойш эрчим хүч, цахилгаан техникийн талаар төрөөс баримталж буй бодлогод дэмжлэг үзүүлэх зорилгоор 140 гаруй IEC стандарт батлагдсан юм байна. 

Related news