Төсвийн тодотголд бүтээн байгуулалтуудыг зогсоох зохицуулалт хийгээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-01-29 15:00:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газраас ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоохоор тодотголын төсөлд тусгаад буй юм. 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг бол 15 хувиар нэмэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах багц ажлыг тусгажээ. УИХ-ын чуулганы энэ сарын 28-ны хуралдаанаар төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлээд байгаа юм. Харин байнгын хороод өнөөдөр хуралдаж, төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.


Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн нар төсвийн тодотголын эх үүсвэрийг хэрхэн шийдсэн талаар тодруулав.


Төсвийн тодотголын тухай хуулийн төсөлд тусгаснаар нийт 637 тэрбум төгрөгийг тэтгэвэр нэмэхэд зарцуулах аж. Үүнээс өнгөрсөн оны нийгмийн даатгалын давсан орлого, төсвийн хөрөнгө оруулалтаас 123 төслийн 260 тэрбум төгрөг, 50 орчим  тэрбум төгрөгийн урсгал зардал, 30 орчим тэрбум төгрөгийн гадаад зээл, тусламжийн зохицуулалт хийж байна.

Тодотголд 2022 онд бүрэн ашиглалтад орох бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын аливаа үйл ажиллагааг зогсоогоогүй. Зөвхөн “Богд Зонхова” цогцолбор төслийг хассан гэдгийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хэллээ. 



Байнгын хорооны гишүүд салбарын сайдууд хөрөнгө оруулалтын асуудлуудаа нарийвчлан тооцож, бүтээн байгуулалтын өртөг зардал нэмэгдэх эрсдэл байгааг анхаарч ажиллахыг санууллаа. Мөн ирэх жилүүдэд орлого нэмэх, аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд Засгийн газар онцгой анхаарах ёстойг хэллээ.


Ийнхүү Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Related news