АНУ-д суралцаж буй оюутан сурагчдад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэхийг санал болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Азийн хүрээлэн (US-Asia Institute)-гийн Ерөнхийлөгч Мэри Биссел, Удирдах зөвлөлийн дарга Гленн Лау-Кии, Конгресстой харилцах бүлгийн гишүүн Матт Рэннингер нартай энэ сарын 25-нд уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Батбаяр Вашингтон дахь Монгол Улсын ЭСЯ нь АНУ-ын Азийн хүрээлэнтэй урт хугацаанд хамтран ажиллаж ирснийг онцлов. Тэрбээр, Монгол Улс, АНУ-ын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буй энэ үед цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, АНУ-д аж төрж буй монгол иргэд, түүний дотор оюутан сурагчдад зориулсан хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхийг санал болгов.
АНУ-ын Азийн хүрээлэнгийн удирдлага Азийн бусад улс орнуудын Элчин сайдын яамдтай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийнхээ талаар товч танилцуулж, монгол оюутан залуусыг дэмжих, тэднийг АНУ-ын төрийн байгууллагуудад богино хугацаанд дадлагажуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэн хамран ажиллахаар тогтов.