Хилийн боомтуудын шинэчлэлийг энэ онд бүрэн дуусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-10 12:02:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн Гаалийн ерөнхий газарт болж байна. Зөвлөгөөний үеэр гарсан онцлох мэдээллийг хүргэвэл:

  • Гаалийн байгууллага өнгөрсөн онд улсын төсөвт 3.560 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 3.509 их наяд төгрөгийг төвлөрүүлж, 98.6 хувийн биелэлттэй ажиллажээ.
  • Өнгөрсөн хугацаанд 933 хууль бус үйлдлийг хянан шийдвэрлэж 1.6 тэрбум төгрөгийн торгууль, 2.7 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ.
  • Цахим системийг нэвтрүүлснээр ААН-үүдэд үзүүлдэг 33 үйлчилгээ, иргэдэд үзүүлдэг 14 үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжиж, 9 зөвшөөрлийг мөн цахимжуулжээ.
  • Энэ оныг гаалийн байгууллага “Мэдээллийн соёлыг нэвтрүүлж, мэдээллийн экосистемийг бүрдүүлэх замаар гаалийн байгууллагын үйл ажиллагааг дижитал болгон хувиргах” ажлын жил болгон зарлаж байна.



Өнгөрсөн онд цар тахлын улмаас Замын-Үүдийн болон Шивээхүрэнгийн боомт тус бүр 72 өдөр, Гашуунсухайтын боомт 42 өдөр үйл ажиллагаа явуулаагүй зогсжээ.





Мөн Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо, Хөшигийн хөндийн зэрэг боомтын бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг энэ онд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Энэ талаар ГЕГ-ын дэд дарга Б.Батхишигээс тодруулав. Тэрээр энэ онд боомтын шинэчлэлийг үргэлжлүүлж, хүний хүчний оролцоо багатай, тээвэрлэлтийн шинэ нөхцөл байдал, төрлүүдийг бий болгон гаргаж эхэлнэ. Тодруулбал, тээвэрлэлтийн шинэ шинэ арга хэлбэрийг нэвтрүүлж ашиглана. Үүнд, чингэлэг терминал, агаарын дүүжин тээвэр, төмөр зам орж байна. Монгол Улс, БНХАУ-ын хилийн хооронд олон улсад хэрэглэж буй чингэлэг тээвэрлэдэг автомат удирдлагатай тавцанг хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэв.


Хамгийн анхны чингэлэг терминалын бүтээн байгуулалтыг Гашуунсухайт боомтод өнгөрсөн оны 7 дугаар сард эхлүүлж, 10 дугаар сард туршсан. Цаашлаад Шивээхүрэн боомт чингэлэг тээврийн терминалтай болсноор жилд 7.6 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай болох юм. Жолоочгүй тээвэр хийдэг терминал, дүүжин тээвэр, төмөр замуудын бүтээн байгуулалтыг хийж чадвал боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, цар тахлын нөлөөнд автахгүйгээр ажиллана гэв. 




Өнгөрсөн онд коронавирусний нөхцөл байдлаас болж Замын-Үүдийн болон Шивээхүрэнгийн боомт тус бүр 72 өдөр, Гашуунсухайтын боомт 42 өдөр цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулаагүй зогссон байдалтай байжээ. Хэдий тийм ч гаалийн байгууллага улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ирснийг ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг тодотгож байв. 






Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Related news