Импортын тэжээлийн үнэ их байгаа нь тээврийн зардалтай холбоотой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт
өнөөдөр 50 кг хивгийн бөөний үнэ 38500-39000, жижиглэнгийн үнэ 40 мянган төгрөг байна.
Тус аймгийн аж ахуйн нэгж, иргэд ОХУ-аас өнгөрсөн
зургадугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 25-ны хооронд 4000 тонн хивэг оруулж
иржээ. Гэвч орон нутагт тухайн төрлийн бүтээгдэхүүний үнэ өндөр хэвээр байна.
ШӨХТГ-ын Баян-Өлгий аймаг дахь улсын байцаагч
Х.Болатбекийн өгсөн мэдээллээр хивгийн үнэ өндөр байгаа нь тээврийн зардал,
гаалийн татвартай холбоотой аж. Тухайлбал, Монгол Улс руу малын тэжээл
тээвэрлэдэг Оросын тээврийн хэрэгслүүдийн хөлс 10 мянган рублиэр нэмэгджээ.
"Аж ахуйн нэгжүүд ОХУ-аас 1 шуудай хивгийг 24750 төгрөгөөр худалдаж авдаг. Үүнд тээврийн
зардал, гаалийн татвар, бүрдүүлэлт, ачих, буулгах зардал зэргийг нэмэхэд
Баян-Өлгий аймагт 38 мянган төгрөгөөр ирж байна" хэмээн тэрээр тайлбарлав.
Иймээс аймгийн Засаг даргын 2021 оны 817 дугаар
захирамжаар байгуулсан үнийн өсөлт, зохиомол хомсдол үүсэхээс урьдчилан
сэргийлэх үүрэг бүхий ажлын хэсэг ОХУ-аас малын тэжээл оруулдаг аж ахуйн нэгж,
иргэдтэй уулзаж импортолсон хивгийг тухай бүрд нь борлуулах, зохиомол хомсдол
үүсгэхгүй байх, үгсэн хуйвалдаж хэт өндөр үнэ тогтоохгүй байхыг мэдэгдсэн байна.
Мөн малын тэжээл импортлох тээврийн
хэрэгслүүдийг ОХУ руу оруулах зөвшөөрөл авч өгөх, малын тэжээлийг гаалийн болон
нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг Засгийн газарт уламжлах
саналыг аймгийн Засаг даргад оруулжээ.
Тус саналын дагуу Монгол Улсын тээврийн
хэрэгслүүдийг ОХУ руу нэвтэрч малын тэжээл ачих асуудлыг шийдвэрлэхийг аймгийн
Засаг даргын орлогч Х.Арманд үүрэг болгосон байна.