"Хүүхдэд ээлтэй хөрш байя" аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-11-09 10:40:21
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь Цагдаагийн газар, ГБХЗХГ, Сайнцагаан сумын ЗДТГ хамтран “Хүүхдэд ээлтэй хөрш байя” 14 хоногийн аяныг зохион байгуулж байна.

Энэхүү аян иргэдийн нийгэм дэх хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх замаар гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох зорилготой бөгөөд хүчирхийлэлгүй нийгмийг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал болохыг уриалж, тэдний хандлагыг өөрчлөхийн тулд мэдээлэл, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тус үйл ажиллагааны хүрээнд Дэлгэрцогт сумын нутагт байрлах “Чоён Од Саллин” хийдийн үйл ажиллагаатай танилцаж, шавилан суралцаж байгаа ламхай нартай ажилладаг багш, ажилтнуудад “Хүүхдийн эрх, хамгаалал”, “Хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд” сэдвээр сургалт хийж, хийдийн удирдлагуудтай хариуцлагын гэрээ байгуулсан байна.

Энэ үеэр хийдэд суралцаж байгаа тэдгээр хүүхдүүдтэй уулзаж хүүхдийн тусламжийн 108 утас, чатбокс үйлчилгээний талаар мэдээлэл өгч, тусламжийн хуудас гардуулжээ.

Мөн аяны хүрээнд “Хүүхдэд ээлтэй хөрш байя” уриалга бүхий сурталчилгааг иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй зам дагуу байшингийн ханан дээр зурсан байна. 



Related news