Франц Элчин сайдаа Австрали руу буцаах шийдвэр гаргасныг сайшаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СИДНЕЙ. /AP/. Францын эрх баригчид Элчин сайдаа Австрали руу буцаах шийдвэр гаргасныг тус улсын эрх баригчид сайшаажээ. Энэ тухай Австралийн Сангийн сайд Жош Фрейденберг “9News” телевизийн сувгаар пүрэв гарагт үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
Тэрбээр Францын Элчин сайдыг Канберрад буцаж ирсний дараа хоёр улс санал зөрөлдөөнөө арилгаж, “харилцаагаа үр бүтээлтэй голдиролд буцаан оруулж чадна” гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Австралийн Засгийн газрын төлөөлөгч хэлэхдээ, "Францын Элчин сайд эргэн ирж байгаад бид баяртай байна” хэмээгээд “хоёр орны харилцаа олон жилийн турш бат бөх байсаар ирснийг" онцлон тэмдэглэжээ.
Лхагва гарагт Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан Үндэсний ассамблей буюу парламентын доод танхимдаа үг хэлэхдээ, Франц улс Элчин сайдаа Австрали руу буцаана гэж мэдэгдсэн боловч шумбагч онгоц бүтээх тухай гэрээ цуцлагдсаны дараа тус улстай харилцаагаа эргэн харах бодолтой байна хэмээжээ.
Австрали, АНУ, Их Британи улсууд энэ сарын 15-ны өдөр "AUKUS" аюулгүй байдлын түншлэл байгуулснаа зарласан билээ. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Австрали улс Их Британи болон Америкийн технологийн тусламжтайгаар дор хаяж найман цөмийн шумбагч онгоц бүтээх байгаа бөгөөд Зэвсэгт хүчнээ мөн Америкийн далавчит пуужингаар дахин тоноглохоор төлөвлөж буй юм.
Гэвч энэхүү шийдвэр Австралийн түүхэн дэх хамгийн том батлан хамгаалахын хэлэлцээр болох Францтай хийсэн гэрээгээ цуцлахад хүргэжээ. Үүний хариуд Франц улс АНУ болон Австралид суугаа Элчин сайд нараа Парис руу эргүүлэн татсан билээ.