БНСУ дотооддоо бүтээсэн зөөгч пуужингаа ирэх сард хөөргөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-09-30 16:22:34

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын сансрын анхны пуужин болох "Нурихо"-г Жолланам-до мужийн Наро сансрын буудлаас 10 дугаар сарын 21-нд хөөргөхөөр товложээ.


Пуужинг хөөргөх бэлтгэл ажил эцсийн шатандаа орлоо гэж тус улсын Шинжлэх ухаан, мэдээлэл-харилцаа холбооны технологийн яам мэдээлсэн байна.


Зөөгч пуужинг хөөргөх талбайд хэдийнээ байрлуулсан бөгөөд бүх системийг нь шалгаж байгаа аж. Цаг агаарын байдлаас шалтгаалан 10 дугаар сарын 22-28-ны хооронд хөөргөж магадгүй байна.


"Нурихо" пуужин нь 200 тонн жинтэй бөгөөд шингэн түлшээр ажилладаг хөдөлгүүртэй юм. Пуужингийн эхний болон хоёр дахь угсраа нь 75 тонн, гурав дахь угсраа нь 7 тонн жинтэй ажээ. Энэхүү пуужингаар 1.5 тонн жинтэй хуурамч ачааг сансарт хөөргөнө. Хэрэв хөөргөлт амжилттай болбол ирэх оны  тавдугаар сард 200 кг жинтэй хиймэл дагуулыг тойрог замд гаргах аж.


“Нурихо”-г 2010 оноос бүтээж эхэлсэн бөгөөд 2 их наяд вон буюу 1.8 тэрбум ам.доллар зарцуулжээ. 


Related news