Хүний бодлыг бичвэр болгон хөрвүүлэх чипийг туршина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2025-09-23 16:09:00

НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 23 /TASS/. Америкийн бизнес эрхлэгч Илон Маскийн үүсгэн байгуулсан “Neuralink” компани хүний бодлыг текст болгон хөрвүүлэх технологийн туршилтыг ирэх сард хийхээр төлөвлөж байгаа тухай " Bloomberg" агентлаг мэдээлжээ. 


Туршилтад хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс сайн дураар оролцох бөгөөд тэдний тархинд "Neuralink"-ийн чипийг суулгаж, хиймэл оюуны тусламжтайгаар бодлыг нь цахилгаан дохионд хөрвүүлэн гадны төхөөрөмж рүү дамжуулах туршилт хийхээр төлөвлөжээ. Компанийн ерөнхийлөгч Дижей Со хэлэхдээ, ирээдүйд ийм чипүүд нь хүн бодож байгаа зүйлээ үгээр илэрхийлэхээс илүү хурднаар бодол санааг нь уншдаг болно гэжээ.


"Neuralink"-ийн суулгацууд нь мэдрэл доройтлын өвчтэй, тархинд нь цус харвасан хүмүүст зориулагдсан ажээ. Ийм өвчтөнүүд бодож чаддаг ч амаа хөдөлгөн үг хэлж чадахгүй байх тохиолдол байдаг.


Neuralink-ийн чипийг тархиндаа суулгуулсан хүмүүс бодлын хүчээр компьютерыг удирдан текст бичиж, интернэтээр харилцаж, түүгээр барахгүй видео тоглоом тоглож сурсан гэж И.Маск өнгөрсөн долоодугаар сард ярьж байсан юм. Тэрбээр мөн биеийн хөдөлгөөнөө удирдаж, хөдөлж чадахгүй болсон өвчтөнүүдийг "Tesla Optimus" роботуудтай холбож, биеийн үйл ажиллагааг бүрэн сэргээх боломжтой болгохоор төлөвлөж байгаа талаараа ярьсан байна. 



Related news