“ICT EXPO” үзэсгэлэнг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-25 10:03:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим Үндэстэн” санаачилга гаргаад байгаа.


Салбарын хамгийн том “ICT EXPO” үзэсгэлэнг энэ жилээс “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний үйл ажиллагаа болгон өргөжүүлж, есдүгээр сарын 17-19-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулна.


Цар тахлын энэ үед мэдээллийн технологийн салбарын ач холбогдол алхам тутамд мэдрэгдэж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарах ухаалаг, шинэ амьдралын хэв маяг нэгэнт бүрэлджээ. Нийгмийн бүх салбарын хөгжлийн хурдасгагч болсон мэдээллийн технологи, дижитал шилжилтийг иргэд, олон нийтэд илүү ойртуулах, салбарын тоглогчдын хамтын ажиллагааг дэмжиж, шинэ технологи, гарааны бизнес эрхлэгчдэд дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, хөрөнгө оруулагчидтай холбогдох олон боломжийг “Digital Nation-2021” бүрдүүлж байна.


Түүнчлэн, Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой тохиож байгаа. “Digital Nation- 2021” цахим үйл ажиллагааны үеэр салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбартай уялдаа холбоог нягтруулах бодлогын хэлэлцүүлэг, форум зохион байгуулах аж.


Улаанбаатар хотын төвд, Үндэсний соёл, амралтын хүрээлэнд гурван өдрийн турш үргэлжлэх үйл ажиллагааны үеэр төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулж, 5G сүлжээнд шилжих талаар танилцуулна. Мөн цахим спорт, соёл урлагийн хэсэг зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болно.

Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй байгууллагууд өнөөдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд www.digitalnation.mn сайтаас талбайгаа захиалах боломжтой.

Related news