АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанд “Ниссан Теана” автомашин хандивлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ“Моннис моторс” компаниас Гадаад хэргийн яамны АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанд хоёр ширхэг “Ниссан Теана” автомашиныг хандивлаж, өчигдөр хүлээлгэн өглөө.
“Моннис моторс” компани нь АСЕМ-ын автомашины албан ёсны түнш байгууллага бөгөөд өөрсдийн хөрөнгөөр оруулж ирсэн 250 ширхэг автомашиныг Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр хүрэлцэн ирэх зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдал, хамгаалалт, ёслолын арга хэмжээнд зориулан үнэ төлбөргүй ашиглуулахаар болоод байгаа юм. АСЕМ-ын уулзалтын эдгээр автомашиныг дараа иргэд, аж ахуйн нэгжүүдэд татваргүй үнээр борлуулахаар төлөвлөөд байгаа.
Тэгвэл өчигдөр АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанд хүлээлгэн хоёр автомашин нь Дээд түвшний уулзалтыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг болгож буй хандив юм байна. Эдгээр автомашин нь 2016 онд үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн загвар, технологи бүхий зорчигчийн аюулгүй байдлыг бүрэн хангахуйц бөгөөд нэг бүрийнх нь үнэ 55,9 сая төгрөг аж.
Автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, “Моннис Моторс” компанийн гүйцэтгэх захирал Д.Баяр зэрэг холбогдох хүмүүс оролцов.
Н.Туяа