Биткойны ханш 10 гаруй хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-14 16:40:29

НЬЮ-ЙОРК. /Kommersant/. Даваа гаргийн арилжааны явцад биткойны ханш 10 гаруй хувиар өсөж, ширхэг нь 39 мянга гаруй ам.доллароор арилжаалагдаж байна.


“Coinmarketcap” цахим хуудасны мэдээлснээр, криптовалютын томоохон биржүүдэд биткойн ерөнхийдөө 39.1 мянган ам.долларт хүрчээ.


Биткойн 2020 оны намраас огцом өсөж эхэлжээ. Аравдугаар сард ширхэг нь 11 мянган ам.долларын үнэд хүрч байсан биткоин 12 дугаар сар гэхэд 20 мянган ам.долларын босгыг давжээ. Харин нэгдүгээр сард 40 мянган ам.долларыг давсан байна.


Үүний дараа биткойн 33 мянган ам.долларын үзүүлэлтэд эргэн ирсэн ч хоёрдугаар сараас дахин өсөлтийн давлагаа эхэлжээ. Тийнхүү өсөх болсон нь “Tesla”-гийн машин үйлдвэрлэгч биткойнд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, криптовалютаар төлбөр тооцоо хийх гэж буйгаа мэдэгдсэнтэй холбоотой аж. Цаашлаад өөр хэд хэдэн мэдээлэл биткойны өсөлтөд нөлөөлсөн юм.


Гэсэн ч криптовалютын олборлолтыг байгальд ээлгүй гэж үзсэнтэй холбоотойгоор “Tesla” төлбөр тооцоог биткойноор хүлээн авахаа зогсоож буйг И.Маск 5 дугаар сард мэдэгдсэн юм.


Биткоин нь блокчейны технологид үндэслэсэн криптовалютын систем бөгөөд энэ системд оролцогч дурын хэрэглэгч биткоин “олборлох” /гүйлгээнд гаргах/ боломжтой. Үүний тулд тооцоолон бодох төхөөрөмжийн тусламжтайгаар блокуудын шинэ сүлжээ бий болгох ёстой. Анх 2008 онд өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн программ зохиогч энэ системийг гаргажээ. Гэхдээ биткоиныг сүүлийн жилүүдэд л түгээмэл ашиглах болсон юм. Биткоины олборлолт нь хязгаарлагдмал бөгөөд одоогийн байдлаар ихэнх хэсгийг “олборлочихсон” байгаа аж.

Related news