БГД-т Хүүхэд хөгжлийн жишиг ордон ашиглалтад оров
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛХАХНХЯ-ны захиалгаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд "Хүүхэд хөгжлийн ордон, номын сан" нээлтээ хийлээ.
Нийт 2.5 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр байгуулсан тус ордон ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн бүхий л төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм.
Хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хүрээнд тус ордонд үйл ажиллагаа явуулах 100 хүүхдийн багтаамж бүхий нийтийн номын сан, өсвөр үеийн хүүхдэд сэтгэл засал, оношилгооны клиник өрөө, 100 хүүхэд хүлээн авах сургалт сурталчилгаа, урлагийн танхимд үйлчлүүлж хөгжих боломжтой.
Мөн сонсгол, харааны болон бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан зам талбай, тусгай уншлагын танхим, сэргээн засалтын кабинет бүхий тоноглолтой улсын хэмжээний жишиг ордон болж байна. Тус ордонд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн 40 гаруй багш нар хүүхэд багачууд, өсвөр үеийхний хүсэл зорилгод тулгуурласан 20 гаруй нэр төрлийн дугуйлан, секц хичээллүүлэх юм.
Нээлтийн ёслолд ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарэнгэрэл, ХТҮГ-ын дарга Э.Одбаяр, Баянгол дүүргийн Хүүхэд хөгжлийн төвийн дарга П.Ганбат болон албаны бусад төлөөлөгч, хүүхэд багачуудын төлөөлөл оролцов.
Ж.Болор